"Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
"Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх"
2015.03.07

"Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулж, "Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ чуулганыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, "Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо" хамтран зохион байгуулсан юм. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга нар оролцож 800 гаруй эмэгтэй төлөөлөгчийн санал бодлыг сонсов.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн үгэндээ өнөөдөр улс орны хэмжээнд цэцэрлэг, ясли хүртээмжгүй тааруухан байгаагаас гэртээ хүүхдээ харж байгаа олон ээжүүд эмэгтэйчүүд байна. Хэрвээ цэцэрлэг яслийн тоо, хамрах хүрээ хангалттай байсан бол тэр ээжүүд ажлаа хийж, улс орныхоо хөгжил, гэр бүлийнхээ амьдралд, гэр бүлийнхээ орлогыг ахиулахад тодорхой хэмжэээгээр нөлөөлөх байлаа.

Залуу гэр бүлүүд хүүхэд харах хүнгүйгээс болоод эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь хүүхдээ өсгөж байна. Ид хийж бүтээх, суралцах залуу насандаа нилээд хугацааг алдаж байгаа нь үнэн. Энэ асуудлаар олон арга хэмжээ авч байгаа ч бүрэн шийдэгдээгүй байна.

Мөн эмэгтэйчүүд зургаан сараас хоёр жил, үүнээс дээш хугацаагаар гэртээ сууж, хүүхдээ харж, төрөөс олгох багахан халамж, тэтгэмжээр амиа зогоох биш, ажиллаж хөдөлмөрлөх боломжтой  хэсэгт нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх нь чухал юм.

Халамжаас гадна ажилтай орлоготой болговол улсын төсөвт эмэгтэйчүүд маань зөвхөн халамжийн зарлага гаргах биш, татвараа төлж улсдаа орлого оруулж, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлж, хамт олонтой, сэтгэл хангалуун, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж болно. Эмэгтэйчүүдэд ийм хүсэл сонирхол, ажил амьдралаа өөд татах эрмэлзэл, чадвар ч бүрэн бий гэдгийг онцлон хэллээ. 

Чуулганы төлөөлөгчид эмэгтэй гишүүдийн хэлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлж, парламентад суугаа эмэгтэй гишүүд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа, тэдэнд итгэж байгаагаа дуулгасан. Монголын мянга, мянган эмэгтэйчүүдийг төлөөлж өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа тэдний өмнө олон асуудал байна.

Тэд жил бүр аймаг тус бүрт эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулж байх, малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд сэтгэл санааны хямралд ордог тэдэнд цалин олгож төрөөс дэмжих хэрэгтэй байгаа  зэрэг олон асуудал байгааг хэллээ.

Мөн хүчирхийллийн эсрэг хуулиа маш сайн нарийвчлан гаргах шаардлагатай байгаа. Хуулийн цоорхой гэж байх ёсгүй гэдгийг ч тэд хэлсэн юм.