Бид хэдий болтол Олон улсын валютын сан, Дэлхийн банкны тулгаж байгаа зөвлөмжийг дагах ёстой юм бэ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал
2015.02.25

Бид хэдий болтол Олон улсын валютын сан, Дэлхийн банкны тулгаж байгаа зөвлөмжийг дагах ёстой юм бэ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалтай Жендерийн тэгш байдлын талаар ярилцлаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг асуудлын цаад шалтгаан нь эдийн засгийн эрх мэдэлтэй холбогддог. Хэрвээ тэр хүчирхийллийн хохирогч нь эдийн засгийн эрх мэдэлтэй, өмчийн эзэн эсвэл цалин мөнгө их олдог бол хүчирхийлэлд өртөх үү гэдэг нь сонин?  

Нэг талаар тэгж хэлж болох ч гэр бүлийн хүчирхийллийг үүсгээд байгаа суурь шалтгаан биш.  Эдийн засгийн эрх мэдлийг нөлөөлөгч хүчин зүйл гэж авч үзэх ёстой. Суурь шалтгааныг аваад үзэхээр эрх мэдлийн тэнцвэргүй байдал хүчирхийллийг бий болгодог. Эрх мэдэл тэнцвэргүй болгоход нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь эдийн засгийн хараат байдал.

Үүнийг гэр бүлийн хүчирхийлллийн тохиолдолд аваад үзэхэд, эхнэр нь дээд сургууль төгсчихсөн мэргэжилтэй байтал нөхөр нь орлого олох учир хүүхдээ хараад гэртээ суу гэдэг. Эсвэл ажил дээр нь очиж дарамталж, зодож хамт олных нь дунд нэр хүндийг нь унагаасаар байгаад ажлаас нь халуулсан тохиолдол бий. Эсвэл байнга тархи толгой руу нь цохисоор байгаад ажлын чадваргүй болгочихдог. Их олон янзын хүчин зүйл нөлөөлж байгаа.

Дээрээс нь олон нийтийн дунд тогтсон хандлага. Эрэгтэй хүн гэр бүлээ тэжээх ёстой, эмэгтэй хүн тэр мөнгийг нь аялуулаад гэрээ авч явах ёстой гэдэг. Гэхдээ амьдрал дээр манай эмэгтэйчүүдийн дийлэнх нь гэр орноо авч явж байгаа. Бодит байдал дээр мөнгийг захиран зарцуулах эрх мэдэл нөхөрт байдаг. Цалингаа авчраад эхнэртээ өгчихдөг гэдэг ч гэр бүлийн томоохон шийдвэрийг гаргахад эмэгтэйчүүд оролцож чадаж байна уу үгүй юу гэвэл хэцүү.

Жишээ нь мал аж ахуй эрхэлдэг өрхийн хувьд гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг. Гэтэл орлогыг машин, мотоцикль болгох, юунд зарцуулах эрх мэдэл болон тухайн өмч нь нөхрийн нэр дээр байдаг. Гэх мэтчилэн эдийн засгийн хувьд тэнцвэргүй байгаа олон хүчин зүйл бий.

-Эдийн засгийн хувьд хараат байдалд орчихоор эрх нь зөрчигдөхөд ойрхон гэсэн үг. Тийм үү?

Эдийн засгийн хувьд хараат байдалд орчихсон, эдийн засгийн хувьд тэгш байж чадахгүй нөхцөлд эрх нь зөрчигддөг. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртчихөөд шүүхэд хандаж өргөдөл гаргаж эрхээ хамгаалуулья гэхээр 70200 төгрөгийг хохирогчоос нэхдэг. Ажилгүй гэртээ сууж байгаа эмэгтэй хүн орлогогүй. Гэтэл тэр хүн өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд 70200 төгрөг төлж чадах уу. Шат шатандаа хохирогчийг торгуульд унагаж болохгүй.

Хүчирхийлэл үйлдэгчийг баривчууллаа гэхэд 7 хоног, 30 хоногийн хугацаанд түр саатууллаа гэхэд тэр зардал гэр бүлээс л гардаг. Хохирогч нь эдийн засгийн хувьд давхар дахин хохирдог гэсэн үг. Арга хэмжээ авахаар торгохоор бас л нэг түрийвчнээс гарч байна.  Шүүх эмнэлэгт хандлаа гэхэд дахиад л мөнгө.

Тэгээд л хохирогчийг торгож, давхар эдийн засгийн дарамтад оруулдаг, эдийн засгийн хараат байдлаас болоод хүчирхийлэлд өртөөд байхад дахиад торгодог нь давхар хохирлыг авчирдаг. Ийм чөтгөрийн тойрог шиг байна. Ингээд ирэхээр хохирогч гомдлоо буцаах байдал руу хүргэдэг.

-Нөхрийн нэр дээр өмч хөрөнгө бүртгэлтэй байхад хохирогч салж сарнилаа гэхэд өмчийг хуваах асуудал үүсэхэд шүүх хэрхэн шийдэж байна вэ?

Уг нь одоо гэр бүлийн тухай хуулинд их тодорхой зохицуулалт байдаг. Монгол уламжлалаараа орон байраа эрэгтэйн тал бэлддэг. Тэр гэр бүлийн сайн сайхны төлөө бол хамтран өмчлөгч, дундын өмчид тооцдог. Түүнээс гадна сүүлийн үед эрх мэдлийн хувьд тэнцвэргүй болоод ирэхээр гэрлэлтээ батлуулах эрх мэдэл, санаачлагыг гаргах нь эрэгтэйчүүд хойрго хандах болсон.

Сүүлийн үед Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байгаа иргэдээс сонирхолтой дүр зураг харагдаад байна. Таван жилийн өмнө ирж байсан хүмүүсийн 80 хувь нь 35 наснаас дээш насныхан байсан бол одоо 35 наснаас доош насныхан ирж байна. Хүчирхийлэгчид улам залуужиж байна. Эрэгтэй хүмүүст гэрлэлтээ батлуулахгүй байх сонирхол ихэссэн.

Гэрлэлтээ батлуулья гэж зөндөө хэлдэг ч батлуулахгүй байна гэж үйлчлүүлэгчид маань хэлэх болсон.  Батлуулахгүй байгаагийн цаана тэр өмчийг хамтран өмчлөгч, дундын өмчлөгчид тооцохгүй, хэн илүү орлого олж байна, хэн илүү цалин авч байгаагийн хувийн өмчид тооцогдоод, давуу байдал үүсч байгаа юм. Гэтэл хүүхдээ өсгөнө, гэр бүлээ авч явна гэдэг үнэлгээгүй хөдөлмөр. Нийгэмд ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа. 3 сая боллоо гээд л хөөрцөглөөд байгаа мөртлөө тэр хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа юм.

-Нийгмийн хөгжил, хүний хөгжил, тэгш байдал яригдаж байгаа. Жендерийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэх тал дээр танд ямар санал байдаг вэ?

Монголчууд 3 сая боллоо гэж хэлэх, уриалах амархан. Ер нь олон улсын хэмжээнд юу гэж үздэг вэ гэхээр “эх” байх гэдгийг хувь хүний хариуцлага бус, нийгмийн хариуцлага гэж үздэг. Яагаад гэвэл хүн ам нь өсвөл тус улсын тусгаар тогтнол батжиж, эдийн засаг тэлдэг. Нийгмийн хариуцлага гэж ойлгодог учир улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө “Олуулаа” болно гэж уриалдаг. Тэгсэн хэрнээ эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн машин гэж өрөөсгөл харж, төрөх эмнэлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ, цэцэрлэг, ясли, хөдөлмөрлөх эрхийн харилцаан дээр алдаа гаргасаар байна.

Тэгж хараагүй байсан бол аль хэдийн 3-4 эмнэлэгтэй, 79000 хүн жилд төрөхдөө сэтгэл хангалуун байх байсан. Эмнэлгийн нөхцөл, эмнэлгийн ачаалал аймшигтай байна.

Энэ бүхний ачааг залуу гэр бүл үүрч байна. Залуу гэр бүл дотроо залуу ээжүүд. Энэ нөхцөл байдал нэгдүгээрт гэр бүлийн орлогод нөлөөлдөг. Нэг хүний цалингаар амьдрахаар тэр гэр бүл орон сууцны зээлэнд хамрагдаж чадах уу. Банк зээл өгөх үү. Дээрээс нь хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхагдах маш том нөхцөл үүсч байна.

Капитал банк гэхэд таван жил хүүхэд гаргахгүй гэсэн гэрээ хийж байна. Гэх мэтийн гинжин хэлхээг үүсгээд байна. Энэ болгоныг зүгээр нэг хүчирхийллийн талаас нь биш, зүгээр эмэгтэй гэдэг талаас биш, залуу гэр бүлийн сайн сайхан амьдралд нөлөөлж байгаа гэдэг талаас нь харах хэрэгтэй.

Эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөртэй байна. Боловсрол үнэ төлбөрүй гэчихээд үнэ төлбөртэй байгаа. Тэгэхээр тухайн гэр бүл ямар шийдвэр гаргах вэ.

-Эдгээр асуудлууд нэг талаас жендерийн мэдрэмжгүй, эрх тэгш байдлыг хангаагүй шийдвэр гаргаад байгаа төр засагтай холбоотой юу. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээг мэдрэх, эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангаж чадахгүй байгаатай холбоотой юу?

Олон шалтгаантай. Бид иргэний нийгмийн чиглэлээр олон жил ажиллаж байгаа учраас нэг зүйлийг сайн ойлгоод байгаа. Шийдвэр гаргах түвшинд тав, арван эмэгтэй гишүүн гарсан ч төрийн тогтолцоо гажуудалтай байгаа нөхцөлд нөлөөлөхгүй гэдгийг ойлгосон.  

Энэ эмэгтэй гишүүд амаржих газруудын төсвийг нэмэх, нэг хоёр ч гэсэн амаржих газрыг ашиглалтад оруулах гэж чадлаараа тэмцэж байна. Гэхдээ л цөөдөж байна. Тэгэхээр нөхцөл байдлыг зөвхөн хувь хүний асуудал юм шиг харж байгаа тэр ойлголтыг өөрчлөхөөс эхлэх ёстой.

Олон нийтэд энэ ойлголтыг хүчтэй өгөх хэрэгтэй. Ямар ард түмэн байна, тийм төр байна. Ард түмэн хариуцлагыг шаардах ёстой. Хариуцлага шаардах чадвар байхгүй бол, олж харж чадахгүй бол Должин хормойгоо чирээд өөрийн арчаагүйгээс ийм байна гээд хувь хүнд хариуцлагыг нялзааж төр цаана нь нуугдах гээд байна. Энэ бүхнийг хангах ёстой төр сүүдэрт нь нуугдаад байгаа.

-Бид төрөөс юуг шаардах ёстой юм бэ?

Бид энэ нийгмийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг хүн шиг амьдрах хэмжээнд хүргэж өгөөч гэж төрийг сонгож, татвар төлж байгаа.

2010 онд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдсан. Ингэснээр эрэгтэй эмэгтэй байхаас үл хамаараад төр ямар нэгэн хязгаарлалт, үгүйсгэл, гадуурхал, ялгаварлалд өртөж байгаа бүх нөхцлийг алга болгоно гэсэн. Тэр дундаа хүмүүсийн толгойд байгаа хандлагыг өөрчлөх ажлыг хийхээр болсон. Гэтэл ийм ажил хийхгүй байгаа. Тийм учраас “Монфэмнет” үндэсний сүлжээ 22 ТББ-тайгаа хамтраад “Сүүдэр илтгэл”-ийг бичих гэж байгаа. Төр хүйсээр ялгаварлан гадуурхсан соёл уламжлалыг халахын төлөө дорвитой алхам хийхгүй, харин ч  ухарч байна.

Жишээ нь Жендерийн үндэсний хорооны салбар дундын зохицуулалт хийх ёстой байгууллага байтал нэг салбарын яамны бүтцэд оруулчихлаа. Өмнөх хийж байгаа зүйлээ баллуурдаад хаячихлаа.  Төрд залгамж чанар алга. Одоо эдийн засгаа л аварья гээд байгаа. Гэтэл амьдралын чухал зүйл орхигдоод байна.  Хүнээ орхиод байвал хөгжиж чадахгүй. Эдийн засгийн шийдвэрүүд хүний амьдралын чанарт халдсан, нөхцлийг дордуулахаар гарч байна. Хүнийг бодлогынхоо цөмд тавихгүй, мөнгийг л цөмд тавиад байна.

Яаж төсвийнхөө мөнгийг нэмэгдүүлэх вэ гэж бодож байгаа болохоос биш яаж хүнээ хүн шиг амьдруулах гэдэг талаар бодлого алга. Тийм ч учраас энэ удаагийн 10 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганаар төрийн хариуцлага гэсэн сэдвийн дор хийх гэж байна. Одоо бид төрөөс хүчтэй шаардлага тавих цаг болсон.

Нэг хэсэг шилжилтийн үе болж байна бүсээ чангал гээд байсан, дараа нь хөгжлийн үе гээд байсан бас ард иргэд бүсээ чангалсан, одоо уул уурхай, эрдэс баялаг хямралыг даван туулах үе та нар минь бүсээ чангал гээд байна. Энэ бүхний цаана төр хариуцлагаас л нуугдаад яваад байгаа юм.

Тийм учраас иргэний нийгмийн  байгууллага төрийн хариуцлагыг шаардах цаг болсон гэж үзэж байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төрийн хариуцлагын механизм байна уу, эдийн засгийн тогтолцоо монгол хүнийг сайхан амьдруулах тогтолцоо мөн үү, хүн шиг амьдруулах тэр тогтолцоо мөн үү. Эсвэл гажуудсан тогтолцоо юм уу гэдгийг шүүж үзье.

Неолибераль нь  гадны үндэстэн дамнасан корпорациудад ээлтэй эдийн засгийн бодлоготой. Гэтэл бид нарт ашигтай юу. Ганцхан уул уурхайгаа түшиглэсэн эдийн засаг бид нарт ашигтай юу гэдгийг олон талаас нь тогтолцооны хүрээнд, төрийн хариуцлагын үүднээс нь дүн шинжилгээ хийх цаг болжээ.  

Ядуурлыг хувь хүний хүчин зүйл, эсвэл орлогын талаас хэмждэг. Гэтэл энэ бол боломжийн хомсдол. Хүн болгонд тэгш боломж байна уу. Манайд дундаж давхарга алга байна.

Цөөхөн хэсэг нь баялгийг гартаа атгасан. Тэд бүх бодлого, хууль шийдвэрийг өөрсдийн талд нийцүүлж байна уу. Тэгэхээр энэ эдийн засгийн загвар ангийн ялгааг улам тэлсэн, цөөхөн хүнийг сайхан амьдруулахад чиглэсэн тогтолцоо. Олонхиороо ядуу байх тогтолцоо. Тийм болохоор бид нар үүнд дүн шинжилгээ хийж ярих цаг болсон. Ядуурлыг тогтолцооны хүчин зүйл талаас харах ёстой.

Дээрээс нь ихэнхи нь ядуу байгаа нөхцөлд нийгмийн салбар болох эмнэлгийг хувьчлах асуудлыг Засийн газар оруулж ирж байна. Энэ бол өнөөгийн арай ядан тогтсон эрүүл мэнд боловсролын хүртээмжийг байхгүй болгоно гэсэн үг.

Төрийн оролцоо бол хувьчлахад байдаг гэсэн ойлголтыг төрүүлж байна. Чухал салбаруудад төрийн оролцоотой байх ёстой. Бид хэдий болтол Олон улсын валютын сан, Дэлхийн банкны тулгаж байгаа зөвлөмжийг дагах ёстой юм бэ.

-Ярилцсанд баярлалаа.

42