Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ, үнэнд гүйцэгдсэн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.04.21

Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ, үнэнд гүйцэгдсэн

УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ээлжит мэдээллээ хийв.

Харин Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт томилолтоор ажиллаж байгаа С.Ганбаатар гишүүн Улаанбаатарт хүрэлцэн ирээгүй байгаа тул байсангүй.Оюутолгойн гэрээг анхнаас нь тууштай эсэргүүцсээр өнөөдрийг хүрсэн бие даагчид энэ удаа аргагүй л ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг хэлэх үггүй болгосон ноцтой үгс унагасан юм.

Ялангуяа Оюутолгойгоос олж байгаа нийт ашгийн зургаан хувь нь зөвхөн удирдлагын зардал буюу Рио Тинтогийн хэдхэн дарга нарын цалин, шагнал урамшуулалд зарцуулагдаж байхад өөрийнхөө энэ их баялгаас Монгол Улс ердөө л тав хүрэхгүй хувийн татвар, хураамж авч байгаа нь үнэхээр туйлын хорлонтой. Монголчуудыг гурван үеэр нь тэжээх энэ их баялгаа Рио Тинтод сул хаяж өгч, асар их алдагдалтай гэрээ байгуулсан хамгийн энгийн дээрх жишээг дурдахдаа Ц.Даваасүрэн гишүүн дуугаа өндөрсгөж байсан. Үнэхээр дуугаа өндөрсгөх байтугай хор хохирол Оюутолгойгоос өдөр болгон урагшаа урссаар байхад УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгойн далд уурхайн асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа” гэж ярьж байгааг юу гэж ойлговол зохилтой. 

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах асуултад хариулт авсан юм.

-Таны хувьд УИХ-ын Төсвийн байнгын хороог толгойлж явсан, Оюутолгойн гэрээг анхнаас нь мэдэх хүний нэг. Оюутолгойн талаарх тоо баримт, мэдээлэлд итгэхэд хэцүү болоод байна. Танд бодитой мэдээлэл байна уу?

Миний хэлэх дараах тоо баримт бол Сангийн яаманд Татварын ерөнхий газраас гаргаж өгсөн мэдээлэл учир бодитой тоо юм. Эхлээд Оюутолгойн 2014 оны гүйцэтгэлийн талаар хэдэн тоо баримт хэлье. Оюутолгой бол Монголын ард түмний амьдралд мэдрэгдэхүйц нөлөөлөх, нэг ёсондоо дэлхийн хэмжээний том төсөл шүү дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байна. Үүнээс цэвэр зэс нь 189 мянган тонн. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж үнэ 6500 ам.доллар байсан.

Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Цэвэр алт 19.5 тонныг олборлосон тоо бий. Нэг килограмм алт өнгөрсөн онд 45000 ам.доллар байсан гэж тооцоход 880 сая ам.доллар болж байна. Нийлээд хоёр тэрбум ам.доллар. Нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцлээ гэж бас тооцъё. Ингэвэл 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс татварт тооцсон дүн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг. Гэтэл Оюутолгойнхон удирдлагын зардалдаа үүнээс их мөнгө авдаг юм билээ.

-Оюутолгойн удирдлагын зардал гэж нөгөө зургаан хувийг хэлээд байна уу? 

Тийм. Рио Тинтогоос Оюутолгойн удирдлагын багт томилогдсон хэдхэн хүний цалин, шагнал, нааш цааш сүлжихдээ гаргасан нийт зардлыг л удирдлагын менежментийн зардал гэж тооцоод байгаа юм. Тэр зардалд Оюутолгойн нийт ашгийн зургаан хувь буюу Монгол Улс Оюутолгойгоос татвар, хураамж хэлбэрээр авч байгаа мөнгөнөөс илүү ихийг хэдхэн ноёд хуваагаад авч байгааг хэлээд байна. Тэд нар зургаан хувийг хувааж авдаг бол Монгол Улс тавхан хувийн татвар, хураамж авч байгаа. Энэ их баялгийнхаа 40-50 хувь биш бүр дөнгөж тавхан хувийг алдаг, оног олж авч байгаа нь дэндүү дээрмийн гэрээ болсныг харуулж байна.

-2014 онд Монгол Улс Оюутолгойгоос татвар хураамж хэлбэрээр яг хэдэн төгрөг төвлөрүүлж авсан юм бол? 

Нийт татварт тооцсон дүн нь 300 тэрбум төгрөг юм билээ. 300 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлвэл 166 сая ам.доллар болно. Энэ нь Оюутолгойн нийт борлуулалтаас олсон хоёр тэрбум ам.долларын дөнгөж 8.3 хувь нь болж байна. Энэ бол нийт татварт тооцож байгаа хувь нь шүү. Гэтэл 166 сая ам.долларынхаа 50 хувийг Рио Тинто өрөндөө буцаагаад авчихаж байна. Энэ нь яагаав нөгөө урьдчилгаа зээлний, мөн Монголын Засгийн газрын эзэмшдэг гээд байгаа 34 хувийнх нь өр зээл гэж байгаа юм. Ингээд Монголд хоёр тэрбум ам.доллараас тавхан хувь нь ч орж ирэхгүй байгаа. 

-Тэгвэл 2015 онд энэ байдал дахиад л давтагдаад явах нь ээ дээ?

С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгүй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч үгүй, хамарт ч үгүй хохироод л суугаад байна. Оюутолгойгоос энэ 2015 онд 800 мянган тонн зэс олборлохоос 200 мянган тонн нь цэвэр зэс байх юм билээ. Алт нь мөн л 19 орчим тонн байна гэсэн таамаглал байгаа. Үүнээс мөн л дээрх хэмжээний мөнгө олох бол нийт борлуулалтынхаа 4-5 хувийг л Монголд үлдээнэ. Энэ хэдхэн тооноос харахад л Оюутолгой Монголчуудад ямар ч ашиггүй байна.

Ашгаа нэмэгдүүл гэж бид байнга ярьж, шаардаж байна. Үүнийг харилцан ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах ёстой. Одоогийнх шиг 34 хувийг нь Монголын тал хариуцана гэвэл бид өр, зээлээ төлсөөр байтал 2030 он хүртэл ногдол ашиг гэж авахгүй. Энэ хэвээрээ яваад байвал Монголын говьд булаатай байгаа энэ их баялгийг далайн цаана байгаа хөрөнгө оруулагч нэртэй тонуулчид цөлмөөд дуусгана. 

-Саяхан УИХ-ын дарга З.Энхболдыг байлцуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК-ууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 100 мянган хүнтэй хотыг авч яваа бол Оюутолгой яваандаа 15 мянган хүнтэй тосгон байгуулах үүрэг хүлээж байх шиг байна. Энэ талаар танд юу бодогдож байна? 

Тэр санамж бичгийн талаар мэдээлэл аваагүй байна. Зүгээр Оюутолгойгоос хоёр дахин бага баялагтай Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 100 мянган хүнтэй хотын бүх асуудлыг шийдээд, улсын татварт Оюутолгойгоос их мөнгө төлөөд явж байгаа нь л маргашгүй үнэн. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд 515 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Энэ нь Оюутолгойн зэсний олборлолтын 63 хувьтай л тэнцэж байгаа юм. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн зэс алтгүй.

Гэтэл Эрдэнэт өнгөрсөн онд 432 тэрбум төгрөгийг Монголын эдийн засагт нийлүүлсэн. Ирэх жил 590 мянган тонн зэс экспортлоод эдийн засагт 448 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй байгаа. Товчхондоо Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт хийж байна. С.Баярцогт нар Оюутолгойг дагаж үйлдвэрлэл хөгжиж, хүмүүс гутал, хувцас зэргийг худалдан авч байна гэдэг. Тэгвэл “Эрдэнэт” 100 мянган хүнтэй хотыг чирч явж байхад Оюутолгой өнөөдөр 10 мянган хүнтэй сумыг авч явж чадахгүй байгаа.

Өнөөдөр Рио Тинтогийн хэдхэн ноёд нь сэндвичин байшинд шигдчихээд Монгол ажилчдыг гэр баазад л шавааралдуулаад байгаа. Тэд ерөөсөө ингэж байгаад л Оюутолгойн бүх баялгийг ухаж, сэндийлж аваад Монголын говийг үхмэл, ангамал нүх болгоод арилж өгөх төлөвлөгөөтэй гэдэг нь өнөөдрийнх нь үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Монголчууд бид баялгийн эзэд мөртлөө Оюутолгойгоос хусам нь л ногдож, өрөм, сүү нь гадагшаа урсаж, гадныхныг л хагартал баяжуулж байгаа нь нууц биш. 

-Ерөнхий сайд “Хоёр толгойгоо хөдөлгөж байж Монгол Улс урагшилна” гэснээр удахгүй Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх гэж байна. УИХ-ын дарга “Оюутолгойн далд уурхайн асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа” гэсэн. Та тэдний дээрх мэдэгдлийг юу гэж дүгнэж байна? 

Оюутолгойн хоёр дахь санхүүжилтын асуудал өнөөдөр хамгийн их анхаарал татаж байна. Ерөнхий сайд Оюутолгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэтэл Оюутолгой чинь явж байгаа төсөл шүү дээ. Хамгийн гол нь бидний хүлээсэн, тэдний яриад байсан үр дүн гарахгүй байгаад асуудал байгаа юм. УИХ-ын Төсвийн байнгын хороог ахалж байсан хүний хувьд одоо бол Оюутолгойн гэрээ, С.Баярцогт хоёр амьдралын үнэнд гүйцэгдсэн гэдгийг л харж байна. Тухайн үед үр дүн гараагүй учраас бид урьдчилж ашигтай төсөл биш гэж хэлсээр байсан ч хэн нь ч тоож сонсоогүй. Хэдийгээр энэ том төсөл, цаашаа явах ёстой, өнөөдрийн Эрдэнэтийн чирж яваа ачааг хоёр дахин хуваалцах ёстой байсан боловч харамсалтай нь, тийм үр дүн гарсангүй. Бидэнд ямар ч ашиггүй, туйлын хохиролтой гэрээ болсон. 

-Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийвэл “Тавантолгойг шулуухан “Энержи ресурс”-д өгчихье. Тэд нар л учрыг нь олоод цааш нь аваад яваг” гэсэн байр суурьтай улстөрчид нэмэгдэж байх шиг. Энэ талаар УИХ дахь бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ? 

Тавантолгойг ямар ч ашиггүй ажиллаад байгаа юм шиг, энэ нэг лайг “Энержи ресурс”-д нүдэн балай, чихэн дүлий өгчихөөд азаа үзье ч гэх юм уу, улайм цайм “Энержи ресурс”-ыг лоббидож байгаа улстөрчдын дуу хоолой чангарч байгаа нь үнэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ Тавантолгой дампуурах хэмжээнд, ямар ч үр ашиггүй, алдагдалтай ажиллаад байгаа юм байхгүй. Өнгөрсөн 2014 онд л гэхэд 5.8 сая тонн нүүрс урагш нь гаргасан.

Энэ нь Монгол Улсаас БНХАУ-руу экспортлосон 14 сая тонн нүүрсний 40 хувь нь шүү дээ. Тавантолгойн нүүрсний экспортоос 200 гаруй сая ам. доллар улсын төсөвт төвлөрсөн. Үүнээс гадна “Чалко”-гоос зээлсэн өрийг төлөөд л яваа хэрнээ 30 тэрбумын ашигтай ажилласан газар шүү дээ, Тавантолгой чинь. Магадгүй сурсан зангаараа “Ашиггүй, алдагдалтай ажилладаг” гэж тал талаас нь дайрч байгаад “Энержи ресурс”-д найр тавиад өгөх дайралт эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. 

УИХ дахь бие даагчдын зөвлөл “Эрдэнэс Тавантолгой”-г хэвээр нь ажиллуулж, ард иргэдийн 51 хувийг өнөөдрийн бүтцээр нь цааш явуулах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Харин борлуулалтын гэрээг нь “Шинхуа Энержи” ч юмуу, “Сумитомо”-д хариуцуулаад явж болох юм гэж дүгнэж байгаа.

Тавантолгойд Монголын ард түмний эзэмшиж байгаа 51 хувийг ямар ч тохиолдолд, юугаар ч сольж, зарж үрж болохгүй гэдэг дээрээ бид хойшид ч хатуу зогсоно. Нөгөөтэйгүүр иргэдийн 51 хувь байгаа гэсэн ч өнөөдөр зөвхөн лиценз эзэмшиж байгаа нь нөгөө 51 хувь маань мөнгөн үнэлгээгээрээ “0” болчихоод байгаа юм. Тэгэхээр үнэлгээ нь байхын тулд заавал баялгийнхаа эзэн нь байх ёстой. 

-Хэдийгээр бие даагчид байнга ярьж, шүүмжилсээр байгаа ч Оюутолгойн гэрээг сайжруулах ямар ч боломжгүй болчихсон юм бишүү. УИХ-ын дарга “Далд уурхайн асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэж байгаа нь хоёр дахь шатны хэлэлцээрт тун удахгүй гарын үсэг зурахад бэлэн болсныг нотлосон хэрэг гэж ойлгогдож байна? 

Тийм байж яагаад ч таарахгүй. Эхний гэрээгээ сайжруулж, Монголын ард түмэнд жаахан ч гэсэн хаялгатай болгож байж, хоёр дахь шатны санхүүжилтийг ярих ёстой. Жишээлбэл өнгөрсөн онд 3.6 их наядын борлуулалт хийчихсэн хэрнээ Монголд 300-хан тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас талыг нь Засгийн газрын 34 хувийн өр зээлд суутгаад авчихсан. Хоёр тэрбум ам. долларын борлуулалт хийчихээд 166-хан сая ам. доллар Монголын талд татвар хэлбэрээр өгч байгаа нь үнэхээр биднийг муухай доромжилж байгаа хэрэг шүү.

С.Баярцогт УИХ-ын чуулган дээр “Оюутолгойн татварыг бууруулаагүй, тогтворжуулсан” гэж нэг удаа ярьсан. Найман төрлийн татварыг тогтворжуулсан юм билээ. Гэтэл үнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээ батлагдахаас хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмалын хууль, Аж ахуйн нэгжийн татварын хуулиудад өөрчлөлт оруулаад Рио Тинтод туйлын ашигтай болгочихсон юм шүү дээ. Жишээлбэл Оюутолгойн гэрээ батлагдахаас 41-хэн хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж, Рио Тинтод өнөөдрийн ихээхэн давуу байдлыг олгочихоод өөрсдөө хоосон сууцгааж байна.