Нийтийн тээвэр цахим системд шилжинэ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Уг төслийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын “Хамтарсан компани байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна.
Автобусны туршилтын үйл явцтай нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс танилцлаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хүртэл буюу өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглахаар тооцжээ.
Иргэд ухаалаг автобусанд суухдаа урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулна. Харин буухдаа зөвхөн арын хаалгуудаар гарч, хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид цахим картаа дахин уншуулаад буух юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн төлөвлөснөөр төхөөрөмжийг нийтийн тээврийн 1200 орчим автобусанд 07 сарын 01 гэхэд суурилуулж, иргэдэд үйлчилж эхэлнэ гэлээ. Мөн иргэдэд үйлчлэх “Хэрэглэгчийн төв”-ийг 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ