Монгол Ардын нам албан ёсоор Улсын Дээд Шүүхэд бүртгүүллээ
2010.11.13

Монгол Ардын нам албан ёсоор Улсын Дээд Шүүхэд бүртгүүллээ

Монгол Ардын Намын “Намын нэр, мөрийн хөтөлбөр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай” өргөдлийг Улсын Дээд Шүүх хэлэлцсэн байна. Хуралдаанаас МА
ХН-ын XXVI Их хурлаас намын нэрийг Монгол Ардын Нам гэж өөрчилсөн нь Иргэний хуулийн 27.1, 27.2, 27.3, Улстөрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлага, журмыг зөрчөөгүй байна.

 

Монгол Ардын Нам гэсэн нэр нь өөр хуулийн этгээд болон намын нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төстэй биш тул тухайн намын нэрийг өөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд түүний хамт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Баяр, М.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Ардын Намын дарга асан Г.Очирбат нар болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд, Удирдах Зөвлөлийн гишүүд оролцлоо. Монгол Ардын Намын дарга С.Батболд Улсын дээд шүүх Монгол Ардын Намын гаргасан өргөдлийг хүлээж аваад улстөрийн намуудын жагсаалтад бүртгэн авч МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэдгийг хүлээн зөвшөөрч гэрчилгээ олгосоныг албан ёсоор мэдэгдлээ.

 

Улсын дээд шүүх 02 тоот тогтоолоор Монгол Ардын Намд гэрчилгээ олгож тус намын байгуулагдсан өдрийг 1921 оны гуравдугаар сарын 1 гэж, Монголын улстөрийн хамгийн ууган хүчин хэмээх намуудын 01-д бүртгэсэн байна. Монгол Ардын Намыг 161,300 гишүүнтэй гээд 1990 оны байдлаар хөрөнгийн хэмжээг бүртгэсэн аж. 1990 онд Монгол Ардын Нам 646,7 сая төгрөгийн хөрөнгөтэй байжээ.

Намын хаягийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Монгол Ардын Намын төв байр, Тусгаар тогтнолын ордон-1 гэсэн байна. Бүртгэлийн гэрчилгээгээ авсан тул УИХ дахь МАХН-ын бүлгийг албан ёсоор Монгол Ардын Намын бүлэг хэмээн нэрлэхээр боллоо. Монгол Ардын Нам нь МАХН гэдэг нэр агуулга, хэлбэр, өмч хөрөнгө, тамга тэмдэг, бэлгэдлийн хамт өвлөн авч бусад улстөрийн хүчин хэрэглэхийг хоригложээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.