Ө.Энхтүвшин: Би Н.Энхбаярын заавраар МАХН-ын даргад өрсөлдөх шийдвэр гаргаагүй
2010.11.05

Ө.Энхтүвшин: Би Н.Энхбаярын заавраар МАХН-ын даргад өрсөлдөх шийдвэр гаргаагүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-"Н.Энхбаяр эцсийн сумаа тавьж, Ө.Энхтүвшинг намын даргад зүтгүүлж байна. Ө.Энхтүвшиы дарга болбол жигүүрийн Н.Удвалыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгоно" гэх мэдээлэл сонслоо. Та нар ийм тохиролцоо хийсэн үү?

-Би Н.Удвалтай уулзалгүй удаж байна. "Намын даргад өрсөлдөнө" гэдгээ л мэдэж байна. Н.Энхбаяртай ямар ч тохиролцоо хийгээгүй. Надад экс Ерөнхийлөгчтэй санал нийлэх зүйлс байсан. Нийлэхгүй үе ч байлаа. Эцэст нь би МАХН-д жигүүр байгуулж байсан шүү дээ.

-МАХН-ын XXV их хурлаар Н.Энхбаярын фракцийнхан М.Энхболдыг намын даргын албан тушаалаас огцруулж байсан бол энэ удаад та С.Батболдтой хүч үзэх гэж байна. Ялалт байгуулна гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?

-Хэрэв маргааш /өнөөдөр/ их хурлын 800 төлөөлөгчөөс хэн нэг нь миний нэрийг дэвшүүлбэл би МАХН-ын даргын албан тушаалын төлөө өрсөлдөнө. Надад тийм боломж бий. Гэхдээ хүмүүсийн ятгалгаар ийм шийдвэр гаргаагүй юм шүү. Тэр тусмаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын заавраар хөдлөөгүй. Түүнтэй ойрд уулзаж, тийм зүйл яриагүй. Энэ бол миний л шийдэх асуудал. Би хүний үгээр үг хийж, хүний толгойгоор толгой хийж явдаг нь биш. Намын даргад өрсөлдөх талаар удаан ч бодсон. Бодсоны эцэст шийдвэр гаргалаа.

-Хэдийд тийм зүйл бодож, шийдвэрээ хэзээ гаргасан гэж?

-Нөхөд маань нэлээд эрт надад иймэрхүү санал тавьсан л даа. "Өөрийгөө бодох цаг одоо биш шүү. Хулчийж байгаа бол намын шинэчлэлийн талаар яриад хэрэггүй биз дээ. Идэвхтэй ажиллах ёстой хүмүүс арьсаа хамгаалаад байвал юу ярих хэрэггүй" гэж. Тиймээс л би олон сарын өмнөөс энэ тухай бодож эхэлсэн. Удтал бодсоны эцэст өчигдөр / уржигдар/ орой намынхаа удирдлагад албан ёсоор мэдэгдсэн юм.

-Тэд юу гэж байх юм?

-"Та сайн бодсон биз дээ. Ийм шийдвэр гаргасан юм бол бид юу хэлэх вэ дээ. Бид танд хичээл заалтай нь биш. Таныг намын нарийн бичгийн дарга байхад л бид намд орж ирсэн хүмүүс" гэсэн. Миний хувьд, намын дүрэм зөрчих гээгүйгээ тэдэнд хэллээ. С.Батболд дарга надтай өнөө орой /өчигдөр/ уулзъя гэсэн. Би түүнд "Эр хүн шиг өрсөлдье" гэдгээ хэлнэ.

-Гэхдээ С.Батболдын багцийг яаж задална гэж. Энэ чинь МАХН-ын лидерүүдийн хүчирхэг нэгдэл шүү дээ?

-Тийм ээ, тэд хүчтэй. МАХН-ын дарга, Ерөнхий сайдтай өрсөлдөнө гэдэг амаргүй. Гэвч "Амаргүй, хэцүү" гэж хойш суувал цаашид энэ намд ямар ч өрсөлдөөн байхгүй, нэг тийм хайрцагласан уур амьсгал зарчмын хэм хэмжээ болон тогтоно гэсэн үг. "Намаа сайхан болгоно. Рейтингийг нь өсгөж, УИХ-ын 2012 оны сонгуульд ялна гэж яриад ч хэрэггүй. Тийм учраас бусдад үлгэр дуурайл болохын тулд би ингэж зориглосон хэрэг. Тэгээд ч надад намын даргын албыг хаших боломж байна. МАХН-д 1996 оноос хойш зүтгэлээ. Намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, хангалттай туршлага хуримтлуулсан. Цаашид тус намыг хэрхэн авч явах вэ гэдэг цэгцтэй бодол надад бий. Тиймээс би МАХН-ын даргын албан тушаалд өрсөлдөнө. Гэхдээ хэрхэхийг их хурлын төлөөлөгчид шийднэ шүү дээ. Шийддэг өдөр нь маргааш /өнөөдөр/. Ер нь өрсөлдөөн байх ёстой биз дээ. "Өрсөлдөөн байгаасай" гэж олон нийт хүсч байгаа. Тийм ч учраас их хурлаа зарласан. С.Батболдыг Бага хурлын ээлжит хуралдаанаар ямар ч өрсөлдөгчгүйгээр намын дарга болгож, УИХ бас л ийм байдлаар Ерөнхий сайд болгосон байх аа. Бодит байдал ийм байхад намын шинэчлэлийн тухай яриад хэрэггүй. Намайг нэр дэвших сургаар зарим хүн "Нэрээ тат" гэж утсаар шантаачилж байна. "Амьдрал
үүгээр дуусах гэж байгаа биш" гэж ятгаж ч байна лээ. Гэхдээ би шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Ухарч буцах зам надад байхгүй.

-Хэрэв их хурлын төлөөлөгчдийн олонхи нь таныг дэмжихгүй бол ямар алхам хийх вэ. Эрсдэлээс болгоомжлохгүй байна уу?

-Юу гэсэн үг вэ. Улстөрч хүн өрсөлдөж байж л хатуужиж, өсдөг юм шүү дээ. Улстөрч байтугай улс төрийн нам өрсөлдөөн, тэмцэлд хэр их орно, тэгж байж хатаагддаг. Үнэхээр хүчирхэг болно. Энэ л миний амьдралын зарчим. Миний шийдвэр эрсдэлтэй юү гэвэл эрсдэлтэй. Бас амаргүй. Гэхдээ айгаад яах вэ дээ. МАХН-д өнгөрсөн жилүүдэд зүтгэхдээ хуримтлуулсан хамгийн том капитал минь энэ. "Хийвэл бүү ай. Айвал бүү хий" гэж.

-Намын дарга боллоо гэхэд хамтарсан Засгийн газрын хувь заяаг та яаж шийдэх вэ?

-Энэ асуудлаар хариулт өгөх боломжгүй. Засгийн газрын талаар ярих болоогүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.