С.Одонтуяа: Улстөрчид өөрсдөө төрийн албыг завхруулж байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2015.05.01

С.Одонтуяа: Улстөрчид өөрсдөө төрийн албыг завхруулж байна

Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авах нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас төрийн албан хаагчдын орон тоо хэрхэн өөрчлөгдсөн талаар тодрууллаа.  

-2012 оны УИХ-ын сонгуулиас хойш төсвөөс санхүүждэг орон тоо 40 гаруй мянгаар өссөн гэсэн тоог МАН-ын гишүүд хэлдэг. Гэтэл та бүгд өөр дүн ярьдаг. Алинд нь итгэх ёстой вэ?

Миний өмнө Төрийн албаны зөвлөлөөс гаргасан судалгаа байна. Энэ судалгаанаас харахад 2012 оны байдлаар төсвөөс санхүүждэг нийт орон тоо 162769 байсан бол 2013 онд 169448, 2014 онд 180150, 2015 онд 180124 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл төсвөөс санхүүждэг орон тоо 17355-аар нэмэгдсэн гэсэн үг.

Үүнээс 11948 нь төрийн үйлчилгээний алба байна. Төсвөөс санхүүждэг нийт орон тооны 70 орчим хувийг төрийн үйлчилгээний албаныхан эзэлдэг. Энэ салбарт хүүхдийн цэцэрлэг, ЕБС, МСҮТ болон соёл, эрүүл мэндийн байгууллагууд хамаардаг. Иймд шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих бүрт үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо өсдөг.

Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгийн тоо 2012 онд 32, 2014 онд 97-оор нэмэгдсэн бол 2015 онд 133-аар нэмэгдэх бөгөөд 2012-2015 онд нийт 262-оор нэмэгдэхээр байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгт ажиллагсдын тоо мөн хугацаанд нийтдээ 2143 орон тоогоор өсөх тооцоо байна.

Мөн ЕБС-ийн тоо 2013-2014 онд 32-оор нэмэгдсэн байна. Сургуулийн барилга шинээр баригдсан, сурагчдын тоо өссөнтэйгээр холоботойгоор багш, ажиллагсдын тоо 2013 онд 251-ээр нэмэгдсэн бол 2015 онд 638-аар нэмэгдэх төлөвтэй, нийтдээ 889 орон тоогоор өсөхөөр байна. 

-Засаг солигдох бүрт халаа сэлгээ хийгддэг. Нээлттэй сонсголын уур амьсгал нэлээд улстөржсөн шинжтэй болсон?

Нээлттэй сонсгол эхлэхэд зарим гишүүд эмзэглэж, нэлээд улжтөржсөн. Энэ бол эмзэглэж улстөржих асуудал огт биш. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ бол нэг нам, нэг сайд, нэг төрийн албан хаагчийн асуудал биш. Эцсийн дүндээ улс төрчийн, улс төрийн намын ёс зүйтэй холбоотой. Өнөөдөр албан тушаалтнууд “улс төрийн томилгоо биш” гэж хэдэнтээ хэлсэн ч итгэх хүн нэг ч байхгүй. Ард түмэн, хөрөнгө оруулагчид төдийгүй төрийн албан хаагчид ч төрдөө итгэхээ больсон. Улс төрчид төрийн албан хаагчдыг самарч байна.

Энэ бүхнийг зогсоох ёстой. Төрийн албан хаагчдын амьдрал ахуйг бодолцох хэрэгтэй. Энэ асуудалд танай, манай гээд талцаад байх шаардлага байхгүй. Өнөөдөр хөрөнгө оруулалт багасаад, эдийн засаг унасан шалтгаан нь төрийн алба чанаргүй, чадавхигүй болж байгаатай холбоотой. Хөрөнгө оруулагчид хүртэл “танайх томилгоогоо яаж хийдэг юм бэ, гадаадад сургууль төгссөн, асуудлаа мэддэг хүнтэй ярих гэхээр нэг сайд солигдохоор нөгөө хүнээр сольчих юм” гэж хэлдэг болоод байна.

-Нээлттэй сонсголд МАН-аас томилогдсон сайд нарыг эхэлж оролцуулсан нь тус намынхны эгдүүцлийг нэлээд төрүүлж байсан. Яагаад заавал ийм сонголт хийсэн юм бэ?

С.Чинзориг, Д.Оюунхорол нар намын хамааралтайгаар нээлттэй сонсголд оруулж байгаа юм шиг хандаж байсан. Гэтэл хамгийн олон өргөдөл ирсэн яамдын сайд нарыг нээлттэй сонсголд оролцуулж байгаа гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү тайлбарласан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ардчилсан намаас томилогдсон сайд нарыг бүлгийн хурал дээрээ дуудаж, төрийн албан хаагчдыг хольж сольдог томилгоо хийж болохгүй гэсэн хатуу анхааруулга өгсөн.

-2012 оны сонгуулийн дараах бүтцийн өөрчлөлтөд орсон яам, агентлаг, УТҮГ-уудад орон тооны өөрчлөлт хэр хийгдсэн бэ?

Дээрх судалгаагаар 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө 11 яамны 967, 16 агентлагийн 1249, 15 улсын төсөвт үйлдвэрийн газрын 1529 орон тоотойгоор ажиллаж байсан бол 2013 онд таван яам нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор 717 орон тоогоор, гурван УТҮГ нэмэгдсэнээр 2 орон тоо тус тус нэмэгдсэн. Харин найман агентлаг татан буугдсанаар 771 орон тоо цомхотголд орж, энэ хугацаанд нийт 52 орон тоогоор багассан байна билээ.

-Улс төрийн томилгоо, халаа, сэлгээ хийдэггүй сайд гэж ер нь байна уу?

Талархалтай хандах сайд нар бий. Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат томилогдсоны дараа мэргэшсэн хүмүүсээ сольчихвол төсөв хөрөнгөө яаж батална даа гэж бодож байснаа нуухгүй. Гэтэл тэр халаа сэлгээ хийгээгүй. 2008 оны сонгуулийн дараа МАХН-ын урилгаар Ардчилсан нам хамтарсан засагт орж ажиллаж байсан. Энэ үед би Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан юм. С.Ламбаа гуай  сайдаар томилогдоод нэг ч хүнийг улс төрийн шийдлээр халж солиогүй. Энэ бол улс төрчийн хувийн ёсзүйтэй салшгүй холбоотой.