“Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгөөд, ЗГ-аа тараах хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.05.01

“Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгөөд, ЗГ-аа тараах хэрэгтэй”

Тавантолгойн асуудлаар УИХ дахь намын бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ долоо хоногт Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх байсан боловч УИХ-ын даргын захирамжаар хойшлууллаа.  Ер нь Тавантолгойн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

Стандарт бус шийдэл болж байна л даа.  Засгийн газрын өргөн барьсан хуулийг УИХ хэлэлцээд дэмжих бол дэмжээд л явдаг. Хэрвээ дэмжихгүй бол буцаадаг шүү дээ. АН-ын гүйцэтгэл зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа.  Засгийн газрынхаа хийсэн гэрээ хэлэлцээрийг дэмжихгүй гэлээ.  Мөн намын дарга нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Эндээс юу харагдаж байна гэхээр Засгийн газар цаашид ажиллах шаардлага байна уу гэж харж байна.  Засгийн газрын оруулж ирсэн гэрээ хэлэлцээр бүгд уналаа.  Үүнээс Засгийн газрын чадамжийн асуудал гарч ирж байна.  Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс орныг удирдах чадамжаа алдсан байна.  Мөн эд нарт ажил хийх боломж орон зай дууссан харагдаж байна.

Тэгэхээр Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгөөд, Засгийн газраа тараах хэрэгтэй.  Хамтарсан Засгийн газар байгуулах, хамтарсан шийдэл хийх олон асуудал нь нурж байна шүү дээ.  Засгийн газрын оруулж ирсэн арга хэмжээнүүд бүгд уналаа. Тэгэхээр хамгийн гол нь цаг алдаж болохгүй. Нийтээрээ бид асар их өрийн хавханд орсон байгаа.  Өрийн дарамтад орсон.  Татвараар улсын төсөв бүрдүүлж чадахгүй байна.  Гадаадын хөрөнгө оруулалт зогссон, валютын нөөцийн хэмжээ хангалтгүй байна.  Эдгээрийг бүхэлд нь авч үзвэл эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөлд Монгол Улс орсон. Үүнийг зохицуулах, чиглүүлэх үүрэгтэй Засгийн газар нь чадамжаа алдлаа. Нөгөө талаар Засгийн газар төдийгүй УИХ маань чадамжаа алдаж байна.

-Тэгвэл энэ бүхнээс гарах гарцыг та юу гэж харж байгаа юм бэ?

Эхний ээлжинд Засгийн газар огцрох хэрэгтэй.  Хоёрдугаарт, УИХ тарах хэрэгтэй.  Нийгэм, эдийн засгийг ийм нөхцөл байдал хүргэсэн гол гэм буруутан нь УИХ шүү дээ.  Өнгөрсөн гурван жилийн эдийн засаг, нийгмийн үр дүн ямар байсныг бүгд мэдэж байгаа.  Харин өнөөдөр ямар байгааг хүн бүр биеэр мэдэрч байна. Эдийн засаг хоёр жил дараалан тэрбум төгрөгөөр буурлаа. Эдийн засаг буурна гэдэг нь олон ажлын байр, олон аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэсэн үг. 

Өнөөдрийн төлөв байдлаар цаашид эдийн засаг хүчтэй агших нь тодорхой болж байна.  Тиймээс үүнд улс төрийн шийдвэр хэрэгтэй байгаа юм.  Шинэ мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй.  Эцсийн гол найдлага нь Үндсэн хуулийг өөрчлөлт.  Яаралтай Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд, чадвараа алдаж байгаа төрийг өөрчлөх хэрэгтэй. 

-Тэгэхээр Тавантолгой төсөл цааш явах уу, эсвэл ингээд гацна гэж харж байна уу? 

Шулуухан хэлэхэд Тавантолгой явахааргүй боллоо. Засгийн газрын хагас жил хийсэн ажил өнөөдөр нурж байна. Ер нь ойрын 10 жилийн хугацаанд уул уурхайн түүхий эдийн үнэ хүчтэй өсөхгүй.  Үүнтэйгээр орлого тэр хэмжээнд нэмэгдэхгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 

-Засгийн газар, УИХ-ыг тараах нь асуудлыг улам хүндрүүлэх юм биш үү?

Тавантолгой тойрсон талцал монголын нийгмийг хэд хэд хуваачихлаа.  Миний харж байгаагаар бид зөвхөн уул уурхай гэлтгүй дэлхийн эдийн засагт явагдаж байгаа зарим зүйлээ олж харж хөдлөх хэрэгтэй байна.  Тухайлбал, бид занарыг ярьж болно шүү дээ.  Ерөөс уул уурхайгаа ухна, ухна гэдэг л бодлого яваад байна.  Үүнээс өөр зүйл юу ч орж ирэхгүй байна.  Энэ нь чадамжаа алдсан гэдгийг харуулж байгаа юм.

-Дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх юм бэ?

Би дээр хэлсэн.  Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой. Эрүүл мэндийн салбарыг эмч хүн удирдах хэрэгтэй.  Ард түмэн залхаж байна шүү дээ.  Бид нэмж ард түмнийг хэрэлдүүлэх хуваах ямар шаардлага байгаа юм бэ.