Засгийн газар бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд анхаарна
Монгол Улсын шадар сайд М.Энхболд Засгийн газраас санаачлан боловсруулсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан “Төрийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх, оновчтой болгох” зорилтоо ажил хэрэг болгох үүднээс Ерөнхий сайдын 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар захирамжаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судалж боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж ажиллажээ.
Ажлын хэсэг энэ хугацаанд төрөөс олгож байгаа зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг цэгцлэх, тодорхой хувиар цөөлөх үүднээс нийт 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийг хянаж үзээд үүнээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 39 тусгай зөвшөөрөл, бусад хуульд заасан 30 зөвшөөрөл, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан 32 зөвшөөрөл зэрэг нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулах, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Харин хүчингүй болгох зарим тусгай зөвшөөрлүүдийн эрх зүйн зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон салбарын бусад хуулиар зохицуулж байгаа учраас Засгийн газар тэдгээр зөвшөөрлийг бие даан цуцлах, хүчингүй болгох боломжгүй байгаа аж. Иймээс аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой зарим зөвшөөрлийн эрх зүйн үндэслэл болж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Авто тээврийн тухай, Аялал жуулчлалын тухай, Ариун цэврийн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай зэрэг 21 хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хуулийн жагсаалт:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
- Ариун цэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Геодези, зураг зүйн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
- Иргэний нисэхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
- Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
- Рашааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
- Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
- Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай.
Хуулийн төслүүд батлагдсанаар“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Засгийн газраас дэвшүүлсэнзорилтууд амжилттай хэрэгжихийн зэрэгцээ аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлнө гэж Засгийн газар үзэж байгааг шадар сайд онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.