Ерөнхий сайдыг огцруулна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.05.13

Ерөнхий сайдыг огцруулна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тус байнгын хорооны дүрмээр 900-ээс дээш өргөдөл ирсэн тохиолдолд тодорхой асуудал гарган шийдвэрт хүрэх ёстой аж. Энэ хүрээнд нийслэлийн иргэдээс газар болон сургууль, цэцэрлэгтэй холбоотой 1214 өргөдөл иржээ. Харин өргөдлүүдийг шийдэхийн тулд хотын дарга Э.Бат-үүлийг нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж байгааг хэвлэлээр дамжуулан уламжиллаа.

Тэрээр “Ийм төрлийн өргөдөл яагаад байнгын хороонд ирж байгаа нь хот сайн ажиллахгүй байгааг хэлж байгаа юм. Түүнчлэн гэр хүссэн өргөдөл маш их байна” хэмээн хэллээ. Мөн хотын даргыг томилолтоор явахгүй байхыг анхаарууллаа.

Учир нь өнөөдөр Өргөдлийн байнгын хороо боловсролын хуультай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийх байсан боловч БСШУ-ны яамын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргууд нь томилолттой гэдэг шалтгаанаар ирээгүй аж. Тиймээс Ерөнхий сайдад бичиг хүргүүлж холбогдох хариуцлагыг тооцно гэлээ. Мөн мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайдыг огцруулах төслийг судалж, боловсруулж байгааг хэллээ.

Харин гишүүн хэлэхдээ “Ч.Сайханбилэг гэдэг нөхөр Тавантолгой, Оюутолгойг ажлуулана, эсвэл юу ч хийхгүй гээд албан ёсоор зарлаад байна. Одоо болохоор Олон улсын валютын сангийн тусламжийг авах тухай яриад байна. Дургүй хүнийг дарж байж сахил хүртээнэ гэгч нь болж байх шиг байна. Тиймээс бидэнд хийх дургүй хүнээр хийлгэнэ гээд суугаад байх алба байхгүй. Өөрөөр хэлбэл Рио тинто болон Энержи Ресурсын бие төлөөлөгч мэтээр сууж байгаа хүнийг солих хэрэгтэй” гэлээ.

Хуулиараа 19 гишүүн гарын үсэг зурах ёстой ч одоогийн байдлаар таван гишүүн санал нэгдээд байгаа аж. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагаанууд дандаа хууль зөрчдөг гэлээ.

Учир нь аливаа тендерийг зохион байгуулахдаа шударга өрсөлдөөний зарчмаар бус Засгийн газрын тогтоолоор хувиарлаж хууль зөрчиж байгаа гэдгийг хэллээ. Мөн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын талаар ноцтой мэдээлэл байгаа гэв.

Харин тус материалуудыг шалгаж, баримтжуулсны дараа олон нийтэд дэлгэнэ гэлээ.