Нийслэлийн татвар улсын төсвийн цоорхойг нөхөхгүй
УИХ-аар Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа
-Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Гэтэл Ерөнхий сайд УИХ-д татварын шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “Татвар нэмэхгүй, багасгахгүй” гэсэн. Мөн Ажлын хэсгээс бэлдсэн саналын зарим нь олонхийн дэмжлэг авсангүй. Ажлын хэсгийн санал дэмжигдэхгүй бол яах вэ?
Ерөнхий сайд “Татвар нэмэхгүй, багасгахгүй'’ гэсэн, гэхдээ энэ нь өмнө нь УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд нь хамаарахгүй гэдгийг дараа нь АН-ын бүлгийн хурал дээр хэлсэн шүү дээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг гэж байдаг. Энэ хуулийн төслийг Засгийн газар санаачлан одоогоос дөрвөн сарын өмнө буюу 2015 оны төсвийн тодотголтой хамт өнгөрсөн 2014 оны арван хоёрдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Хэрэв энэ байр суурь нь өөрчлөгдсөн бол хууль санаачлагч хуулийн төслөө хэзээ ч татаж авах эрхтэй.
Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын олонх хуулийн төслийг дэмжсэн. Тиймээс Төсвийн Байнгын хорооны шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-д бүлэгтэй бүх намын төлөөлөл орсон. Ажлын хэсэг хуулийн төсөлд оруулах санал дээрээ нэгдсэн саналд хүрсэн. Засгийн газрын хуулийн төслөөр бол нийслэлийн нутаг дэвсгэр дээр иргэдийн бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан үнийн дүнгээс нийслэлийн албан татвар авахаар байсан.
Ажлын хэсэг энэ хуулийн төсөл дээр ярилцаж байгаад гүйцэтгэсэн ажлаас авах шаардлагагүй, мөн бүх төрлийн үйлчилгээнээс нь зөвхөн зочид буудал,баар,ресторан, амралтын газраас, бүх төрлийн бараанаас нь зөвхөн архи, тамхины борлуулалтын үнийн дүнгээс 0-1 хувийн татвар авах болгож өөрчилсөн юм.
Яагаад "0" хувь гэхээр хотын төвийн бүсд бол хувийн, бүр захын хороололд бол 0 хувь байж болох бөгөөд, энэ хувь хэмжээг ИТХ тогтоох юм. Ингэснээр Ажлын хэсгийн саналаар хуулийн төсөлд өөрчлөлт орсноор Засгийн газрын хуулийн төслөөр татвараар улсын төсөвд орох орлогын хэмжээ 4-5 дахин буурахаар болсон.
Ажлын хэсгийн гишүүд бүлэг дээр ярьсан дэмжиж байгаа гэж байсан.Гэвч чуулган дээр Ажлын хэсгийн гурван санал 1.2 саналын зөрүүтэйгээр олонхийн санал авалгүй унасан учир УИХ-ын дарга хуулийн төслийг байнгын хороо руу нь буцаасан. Тэр хурал дээр гишүүдийн ирц хангалтгүй байсан л даа. Уг нь оны өмнөхөн энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын олонх дэмжсэн юм.
Гэтэл дөрвөн сарын дараа Ажлын хэсэг уг төсөл дээр нь ажиллаад иргэдэд очих татварын төрөл, хувь хэмжээ буюу ачааллыг нь олон дахин бууруулаад ирэхээр гишүүд дэмжихгүй байгаа нь зүй тогтолыг зөрчлийг үүсгэсэн. Тиймээс өөр шалтгаан байна гэж бодож байна.Тэр шалтгаан нь зүгээр л таалагдах буюу дараагийн сонгууль дөхөж байгаатай холбоотой байж магадгүй.
Ер нь сүүлийн жилүүдэд улс төрийн оноо авахын тулд ажил хийж байгаа бусдыгаа,эсхүл иргэдийн сонголтоор УИХ-ын олонхийг бурдүүлж байгаа бүлгийг үндэслэлгүйгээр мушгин гүтгэх, бүүр даамжраад улсаа муулах, голох үйлдэл нь хирээс хэтрэх болсноор нийгэмд сөрөг сэтгэл зүй нэмэгдэх боллоо.
Ингэж яавч болохгүй л дээ. Олон улсын зах зээл дээр дэлхийн бүх л улс орон бараа, үйлчилгээгээ борлуулах, хөрөнгө оруулалт татахын тулд байнга өрсөлдөж байна. Гэтэл төрийн түшээд нь долоо хоног бүр төрийн өндөр дээрээс улсаа хөгжүүлэхийн төлөө бодлого өрсөлдүүлэх үндсэн үүрэгтэй.Мэдээж үндэслэл байгаа бол шүүмжлэх, бүүр хариуцлага тооцох эрхтэй. УИХ дахь олонх ч, цөөнх ч Монгол улсын төрийн эрх дээд байгууллагын бүтэц.
Цөөнх нь ард иргэдийн сонголтод хүндэтгэлтэй хандах нь улс төрийн соёл. Ер нь парламентийн засаглалтай өнөөгийн хөгжилтэй орны иргэд дараагийн сонгууль боддог улс төрийн хүчин, улстөрчдөд таагүй ханддаг юм билээ. Тэр нь сонгуульд ялах оноо цуглуулах зорилготой улстөрчдийн бодлогын шийдвэр, улстөржилт нь улс орны хөгжил иргэдийн амьжиргааны чанарт үргэлж сөргөөр нөлөөлдгийг сайтар ойлгодог болсных байх аа.
-Архи, тамхи зэрэг бүтээгдэхүүний борлуулалт бүрт татвар ноогдуулна. Дээр нь зочид буудал, ресторан, баар цэнгээний газар, амралтын газруудад үйлчилгээний татвар ногдуулна гэх нь хэр зөв юм бэ, хямралтай үед?
Энэ асуултын хариултын ихэнхийг дээр хэлсэн. Нэмж хэлэхэд энэ бол зорилтод татвар. Тодруулбал татварын орлогыг зөвхөн иргэдийн ая тухтай амьдарч ажиллах орчныг бүрдүүлэхэд, өөрөөр хэлбэл дэд бүтэц, сургууль барихад зарцуулах юм. Эдийн засаг хүндэвтэр байгаа нь үнэн. Энэ нь орлого багатай иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө ихтэй байгааг ч сайтар ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаас улсын төсөвт голлох нөлөөтэй нүүрс, төмрийн хүдрийн зах, зээлийн үнэ 60-70 хувиар уначихсан.
Бэлэн мөнгөний амлалтаас болоод зах зээл сайн үед төсвийн орлогоос илүү зарлагыг их хэмжээгээр тэлснээс гадна, 1.5 орчим тэрбум долларыг бэлнээр тараасан. Үүний бараг 1 тэрбум доллар нь 2012 оноос хойшх онуудад улсын төсөвд орох орлогыг барьцаалж байгаад зээл авчихсан. Энэ бүхнээс болоод сүүлийн жилүүдэд улсын болон нийслэлийн төсвийн орлого буурч алдагдал нэмэгдсэн, нийслэлд хэдэн зуун сая төгрөгний дутуу баригдсан барилгууд байж л байна. Цаашид удвал энэ дутуу баригдсан барилгууд хэнд ч хэрэггүй болно.
Мөн улсын төсвийн санхүүжилтээр барилга барьсан олон аж ахуйн нэгжүүд засагт мөнгө байхгүйгээс үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй байсаар л байна. Монгол хүн төр засагтаа хүндэтгэлтэй ханддаг, төрдөө залбирч амьдардаг сайхан уламжлалтай. Мөн нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг аяндаа бүтнэ гэдэг байр сууринаас асуудалд ханддаг сайн дадал бий.Тиймээс улсын эдийн засаг хүнд энэ үед иргэд архи, тамхи худалдан авсан үнийн дүнгээсээ нэг хувийн татвар төлөхдөө цааргалахгүй байх гэж бодох юм.
Харин ч нийслэлийн иргэд маань улсынхаа болон нийслэлийнхээ хөгжилд архи, тамхи худалдан авсан үнийн дүнгээсээ нэг хувийн татвар төлж, хувь нэмэр оруулж байгаа даа бахархах болов уу гэж бодож байна. Энэ нь 10000 төгрөгөөр архи худалдаж авлаа гэхэд 100 төгрөг л нэмэгдэх юм. Гэхдээ хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Монголчууд бид харьцангуй цөөхүүлээ тул " нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" гэсэн үгийг байнга ярьдаг. Энэ зах зээлийн нийгэм гэдэг чинь жинхэнэ бүтээлчээр хамтарч ажиллаж, амьдардаг нийгэм шүү дээ.
-Архи тамхины борлуулалтын татвар хэдэн хувь байх вэ, татварыг ямар аргачлалаар цуглуулж авах вэ гэдэг анхаарал татаад байна?
Энэ нь зөвхөн нийслэлд архи, тамхи худалдан авсан иргэний төлөх татвар. Татварын хэмжээ нь 1 хүртэл хувь Нийслэлд дэлгүүрээс бараа худалдаж авахад кассын баримт "төмөрт өгдөг байхаа. Тэр кассын машин, түүний ард байгаа програмыг өөрчлөх ажил байгаа байх. ТҮЦ-р архи зардаггүй болоод нилээд хугацаа өнгөрч байна. Харин ширхэгийн тамхины худалдаа бол байгаа байх.
-Үл хөдлөх хөрөнгөд тогтоох татварын хэмжээг хэдээр тогтоосон бэ?
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын төсөлд бүх төрлийн барилга байгууламжаас 0.6-3.0 хувийн татвар авахаар байсан. Энэ хувийг Ажлын хэсэг 0.6- 1.0 хувь болгож дээд хязгаарыг нь 3 дахин бууруулсан. Мөн ажлын хэсэг үл хөдлөх хөрөнгө дотроос орон сууцыг тусд нь гаргаж нэг айлын 2 орон сууцыг татвараас чөлөөлж, 3 дэх орон сууцнаас нь 0-0.2 хувийн татвар авахаар болгож бууруулсан.Нэг айл 2-оос дээш орон сууцтай, тэр орон сууцаа сарын 500 мянган төгрөгөөр түрээслүүлдэг гэвэл жилд нэг удаа 120 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг л дээ.
-Бууны татварын тухайд?
Малчин өрхийн тухайд 2 буутай байх юм бол татвараас чөлөөлөгдөнө, түүнээс илүү олон буутай бол татвар төлнө.
-Авто машины татварыг хуучнаар нь үлдээсэн нь ямар учиртай юм бэ?
Авто машинд Онцгой албан татвар гэж байдаг, тэр бол тусдаа. Одоо яригдаж байгаа нь бол зам ашигласны төлбөр, үүнийг ажлын хэсэг хуучин байсныг хэвээр байлгахаар нь өөрчилсөн. Шалтгаан нь Монгол улс өргөн уудам нутагтай ч, хүн ам цөөтэй учир замд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зам одоогоор байхгүй. Тэгэхээр зам ашигласны төлбөрөө төлсөн нь дээр байх.
-Малын хөлийн татварын хэмжээ буурсан юм уу?
Өмнө нь малын хөлийн татвар байсан ба одоо тэр татварыг сэргээх хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа юм. Өмнө нь баруун бүс, говийн бүс, хангайн бүс гээд таван хошуу малыг хонин толгойд шилжүүлж 50-100 хүртэл төгрөгийн татвар ногдуулдаг байсан юм билээ. Засгийн газрын хуулийн төслөөр энэ татварын хэмжээ 0-1000 хүртэл төгрөг. Ажлын хэсэг энэ хэмжээг 50-400 төгрөг байх нь зөв юм гэж бууруулсан.Гэхдээ энэ татвар тухайн суманд 50 төгрөг байх уу, 400 төгрөг байх уу, энэ хооронд байх уу гэдгийг Сумын ИТХ нь шийдвэрлэнэ.
Орон нутагт бэлчээр ашиглалт хүндэрч байна,худаг ус хүрэлцэхгүй байна, малаа эрүүлжүүлэх шаардлагатай байна гэдэг боловч төсөв байхгүй байсаар байгаа нь бодит байдал.Энэ бас зорилтот татвар.Энэ нийгэмд төр, засгийн гол үүрэг бол иргэдэд бүтээлчээр хамтарч ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх явдал. Энэ жишгээр сумын ИТХ, иргэдтэйгээ хамтарч энэ малын хөлийн татварын орлогоороо нийтлэг эрх ашгаа хангах олон асуудлыг шийдэх боломжтой байх гэж бодож байна.
Ер улс төрчид нь эдийн засгийн хөгжлийн асуудлыг төр, засаг буюу ЗГ, УИХ дангаараа шийдэж байгаа юм шиг ярьдаг, ойлгодог нь ихэд хоцрогдсон ойлголт. Зүгээр энгийн жишээ хэлэхэд өнөөдөр ДНБ-ний 70 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Ингэхээр улс орны хөгжлийн үндэс бол нь хувийн хэвшил,иргэд ААН юм. Төр, засаг тэдэнд садаа болохгүй дэмжих нь чухал байна