Ерөнхий сайдыг худалч гэдгийг мартчихаж
УИХ-ын чуулган
2015.05.07

Ерөнхий сайдыг худалч гэдгийг мартчихаж

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар нэлээд олон асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал Эд хөрөнгий бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Ингээд чуулганы үеэр хэлсэн гишүүдийн онцлох үгийг эшлэл хэлбэрээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Засагт хамаарахгүй гэж юу гэсэн үг вэ. Эсвэл хот чинь тусдаа улс байгуулчихсан уу.  Эсвэл та нар тоглоод байгаа юм уу. Тав дах өдөр татвах нэмэхгүй  гэчихээд яагаад нэмэх гээд байгаа юм бэ. Түүнийгээ тайлбарлаач”

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Миний хувьд нийслэл татвартай болохыг дэмжиж байна. Улаанбаатарт чинь хүмүүс нь бөөгнөрөөд явж чадахаа болилоо. Дэнжийн мянга, Баянхошуугаар хотын хөдөө үүсчихлээ ш дээ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би “тэг” татвар гэдгийг ойлгохгүй юм. Тэг гэдэг чинь ерөөсөө татвар авахгүй гэсэн үг ш дээ. Авахгүй юм шиг авна гэсэн үг юм уу, эсвэл авсан ч байж болно, авахгүй байж болох асуудал уу”

УИХ-ын гишүүн С.Оюун “Эдийн засаг хүндхэн байгаа учраас нийслэл хотын татварын тухай хуулийг батлах нь цаг хугацааны хувьд буруу гэж бодож байна”

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Улаанбаатар хот татвар авах гэж байгаа бол газрын наймаанаас аваач. Хэдэн сая ам.доллараар гар дамжин худалдагддаг наймаанаас татвараа ав л даа. Монголын мөнгө хэдхэн зүйлд л эргэлдэж байгаа. Тэр нь газар лиценз, морьны уралдаан зэрэг сонгодог хэдэн зүйл бий”.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Татварын шинэчлэлтийг эдийн засгийн ийм хүнд үед шинэчлэлт гэсэн үзэл санааг нь гутаагаад буруу үед буруу хуулийг буруу байдлаар оруулж ирээд байх юм. Тиймээс уг хуулийг санаачлагч нь татаж аваад, хянан шалгаад цаг үе нь мөн үү биш үү гэдгийг бодох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ер нь Ерөнхий сайд нь ой санамжгүй байна уу, Засгийн газар ийм болчихсон юм уу. Үүнийг 2014 оны 12 сарын 30-нд өргөн барьсан гээд зүтгээд байхын. Энэ чинь шийдлийн засгийн газар байгуулагдсан л өдөр байна ш дээ.”

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар“ Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд миний зөвшөөрөлггүй ямар ч татварыг нэмэхгүй гэж хэлсэн. Гэтэл шүлс нь хатаж амжаагүй байхад татвар авнаа гэж байна. Бүр авахдаа монгол улсын 1.2 сая иргэдээс татвар авна гэхий. Үүнээс илүү доромжлол гэж байхгүй.”