Хөрөнгийн албан татварын хувь хэмжээг орон нутгийн Иргэдийн хурал тогтооно
2015.01.10

Хөрөнгийн албан татварын хувь хэмжээг орон нутгийн Иргэдийн хурал тогтооно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.10.Бямба гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төсөлд Хөрөнгийн албан татвар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Бууны албан татвар, Малын тоо толгойд ногдуулах татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг нэмэхээр оруулж ирсэн юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр сууриудыг хүргэж байна.

Л.Энх-Амгалан: Prius бол тансаг хэрэглээ биш

Өрхийн орлого жил ирэх тусам буурч байхад ард иргэддээ татварын ачаалал нэмээд байдаг энэ яг ямар зарчим бэ? Жишээ нь prius машин унадаг хүн 36,000 төг татварт төлдөг байсан бол энэ хуулиар 108,000 төг төлөх гээд байна. Prius бол тансаг хэрэглээ биш.

Г.Баярсайхан: Малын хөлийн татвар нэмж байхад яагаад яамнаас санал аваагүй байгаа юм бэ

Малчин болон малтай иргэд зургаан төрлийн татвар төлөх болж байна. Хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, бэлчээрийн төлбөр гээд байна. Малчинд татварын дарамт ирж байна. Мэдээж төрийн бодлого гэж байх ёстой. Төрөөс ХАА-д баримт бичиг хуучирсан байгаа. Үүнийг шинээр оруулж ирэх шаардлагатай. Таран танигдана гэгчээр Засгийн газар оруулж ирсэн энэ хуулийн төсөл дээр Хөдөө АА-ын сайд нь надаас санал аваагүй гээд сууж байна. Малын хөлийн татвар нэмж байхад яагаад яамнаас санал аваагүй байгаа юм бэ.

З.Баянсэлэнгэ: Татвар нэмэх, халамж хасахаас өөр зүйл хийж чадахгүй нь гэж харагдаж байна

Энэ олон татварууд нэмэх нь цаг үеэ хэрхэн олж байгаа юм бэ. Нийгэм эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Өнөөдрийн Засгийн газарт ч гэсэн сөрөг үр дагавар авчрах хуулийн төсөл л гэж харж байна. Татвар нэмэх, халамж хасахаас өөр зүйл хийж чадахгүй нь гэж харагдаж байна. Малчдад олон төрлийн урамшуулалт олгож байсан. Энэ үнэхээр яг малчдадаа хүрч байсан гэвэл эргэлзээтэй зүйл. Малчид бидэнтэй бидэнгүй, халуу хүйтэндээ халаад л малаа өсгөж байгаа. Тиймээс бид өөрөө өөрийгөө аваад явж байгаа малчиддаа татварын дарамт үзүүлэх хэрэг байна уу. Бас зорилтод татвар юм бол эргүүлээд хэрхэн зарцуулахаа тодорхой тавих хэрэгтэй.

С.Бямбацогт: Эдийн засаг хүнд байгаа үед татвар нэмэх нь байдлыг улам хүндрүүлнэ

Уг нь  хөрөнгийн татварууд бол байх ёстой. Гэхдээ цаг үеэ олсон уу? Эдийн засаг хүнд байгаа үед татвар нэмэх нь байдлыг улам хүндрүүлнэ. Нөгөө талаасаа хөрөнгийн үр өгөөжийн асуудал  байна. Татварын зарцуулалт хяналттай байх ёстой. Татвар төлөгчиддөө эргээд үр өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ талаар тодорхой асуудлууд орж ирээгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Засгийн газар амьдрал муу мэддэг гишүүдээр бүрдсэн бололтой

 Аливаа татварын цаана бодлого байх ёстой. Миний ойлгож байгаагаар удахгүй татварын өршөөлийн хууль оруулж ирэх гэж байгаа. Татвараа дуугүй төлөөд байдаг хэсгийнхэн татварыг нэмээд, татвараа төлөхгүй үлдэж байгаа нөхөдүүд нь өршөөгддөг гэсэн ойлголт бий болчих вий. Засгийн газар амьдрал муу мэддэг гишүүдээр бүрдсэн бололтой. prius машинаас гурав дахин өндөр татвар авч болохгүй. Энэнийхээ оронд Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа гэр хорооллын янданд татвар ногдуул”

 

Гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гэхдээ хуулийн төслийг ирэх 2016 оноос хэрэгжиж эхлэхээр хэлэлцүүлгийн явцад тооцох нь зөв гэж УИХ-ын дарга хэлэв.