Гурваас дээш орон сууцтай бол хөрөнгийн татвар авна
2016.05.27

Гурваас дээш орон сууцтай бол хөрөнгийн татвар авна

Хуулийн нэр: Хөрөнгийн албан татварын тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2014.12.30

Хуулийн бүтэц: 6 бүлэг 22 зүйлтэй     

Энэ хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үл хөдлөх хөрөнгө, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, таван хошуу мал, буу өмчилж байгаа бол хөрөнгийн албан татвар төлнө. Ашиг олохоор ашиглаж буй үл хөдлөх хөрөнгө 15 сая төгрөгөөс дээш үнэлгээтэй бол татвар ногдуулна. Тээврийн хэрэгсэл, мал, буу нь Монгол Улсад бүртгэлтэй, тоологдсон бол татвар ногдуулна.

... Тээврийн хэрэгсэлд төрөл, хөдөлгүүрийн багтаамж, даацыг үндэслэн татвар тооцно. Харин малын хувьд адуу, үхэр тус бүрийг 5, тэмээ, ямааг 2 хонин толгойд шилжүүлэн тооцно ....

Үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлтээс хамааруулж аймаг, нийслэлийн ИТХ-аас 0.6-0.3 хувиар, малын татварыг 0-1000 төгрөгөөр тогтооно. Бууны татвар төрлөөсөө хамаарч 50-100 мянган төгрөг байна.

Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд татвараас чөлөөлөх, хөнгөлөх зарим нэг нөхцлүүдийг тусгажээ. Тухайлбал тухайн татвар төлөгч хоёроос дээшгүй орон сууцтай бол энэ татварыг төлөхгүй. Түүнчлэн хонин толгойд шилжүүлснээр 50 хүртэлх толгой малтай бол татвараас чөлөөлнө.

Гэр бүлийн хэрэгцээгээр газрыг өмчилж байгаа бол сум, аймаг, нийслэлд татвараас зуун хувиар хөнгөлнө. Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын хөрөнгийн албан татварыг нийслэлд 30, аймгийн төвд 70, сумын төв, тосгонд 85 хувиар хөнгөлөх юм байна.  Харин газар тариалан эрхлэх зорилгоор өмчлүүлсэн газрын татварыг 90 хувиар хөнгөлнө.

Яагаад хууль хэрэгтэй болов?

Одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, бууны татварыг тус тусын хуулиар, малын татварыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Энэ нь эдгээр татварыг тооцох, бүрдүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд хүндрэл учруулж, татварын албатай олон дахин харьцах байдлыг үүсгэж байгаа учраас бүгдийг нь нэг хуулиар зохицуулах хэрэгтэй болжээ.

.... Одоогийн хуулиар орон сууцыг хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг ч олон тооны байрыг зэрэг түрээслүүлж ашиг олдог иргэд олширсон тул гурваас дээш тооны орон сууцанд татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгажээ ....

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухайд гэвэл тансаг хэрэглээний, нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндрийн тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгох шаардлагатай тулгарсан байна.

Бууны албан татвар одоогоор 4000-6000 байгаа бөгөөд 1997 оноос хойш огт өөрчлөгдөөгүй учраас эдийн засгийн өөрчлөлт, үнийн өсөлттэй холбогдуулан өөрчлөхийн зэрэгцээ буу эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх ёстой гэж хууль санаачлагчид үзэж байна.

Малчдыг дэмжих зорилгоор 2009  оноос малыг татвараас чөлөөлсөн. Гэвч  малчин өрхөөс гадна ААН, гадаадын иргэд мал өмчилж ашиг олдог болсон. Тиймээс мал өмчлөгчид малын тоо толгойноос хамааруулж татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлд орсон өөр нэг томоохон өөрчлөлт нь хөрөнгийн татварын хэмжээ тогтооход орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн явдал юм.