Төр татвараа ногдуулж болно. Гэхдээ...
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяа
2015.01.13

Төр татвараа ногдуулж болно. Гэхдээ...

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяатай татварын асуудлаар сүүлийн үед өрнөөд байгаа асуудлууд болон хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Хөрөнгийн болон нийслэл хотын албан татварын хуулийг УИХ хэлэлцэхээр боллоо. Эдгээр татварын хуулиуд нь татвар төлөгчөд татварын дарамт болно гэж үзэж байгаа хүмүүс байна. Малчид, нийслэлийн иргэдэд татвар төлөх татвар нэмэгдэж байгааг дарамт болно гэж үзэж болох уу?

 Аливаа нэг татвар ногдуулах хууль шинээр гаргах нь түүнийг санхүүгийн үүрэг талаас харсан бол шууд тэгж ойлгогдоно. Гэхдээ татвар бол төрийн удирдлагын зохицуулалтын гол хэрэгсэл гэдэг талаас харвал төр бодлогоо л татвараар дамжуулан хэрэгжүүлж байгаа.

Эндээс харвал өнөөгийн эдийн загийн хүндрэлтэй байдалд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа нь тодорхой. Тиймээс татвар авах гэхээсээ илүү зайлшгүй зохицуулалт шаардлагатай зүйлүүдийг л энэ 2 хуулиар зохицуулж байгаа.

Төрийн зохицуулах, хянах үүргийг татварын механизмаар хэрэгжүүлдэг нь аль ч улс орны туршлага. Харин зарим гишүүдийн хэлж байгаа цогцоор нь авч үзэх, зарцуулалтыг нь тодорхой болгох гэсэн саналуудыг зайлшгүй авч үзэх хэрэгтэй юм.

Жишээ нь тээврийн хэрэгслийн татвараар тухайн орон нутагт ийм хэмжээний хөрөнгө цугларлаа, үүнийг ийм, ийм замыг засах, байгуулахад ингэж зарцууллаа гэсэн мэдээлэл иргэдэд чухал. Энд л нөгөө шилэн дансны ач холбогдол гарна. Цуглуулсан татвараа зөв зүйлдээ, зөв зарцуулагдаад иргэдэд эргээд хүртээж л байхыг хүмүүс хүсдэг.

Татвар бол төр, иргэний хоорондын шууд харилцаа. Малчдад татвар ногдуулах нь татвараа төлсөн малчин эргээд орон нутгийн удирдлагаасаа татварын мөнгийг хэрхэн зарцуулаад байгаа, орон нутаг яаж хөгжих ёстойг шаардах эрхтэй болох буюу иргэний нийгмийн нэг гишүүн нь гэдгээ мэдэрнэ.

Ядаж л худаг гаргуулах, зам харилцаагаа сайжруулах гээд шийдүүлэх асуудал зөндөө л байгаа. Өнөөгийн бидний байгуулаад байгаа нийгмийн харилцаанд иргэдийн оролцоо их чухал. Тиймээс татвараа төлсөн иргэн удирдлагаасаа шаардах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх гол хүч нь болно.

Өмнө нь энэ татварыг яг л энэ агуулгаар авч л байсан. Түүнийгээ л сэргээж байна. Үүний үндсэн агуулга нь татварын дарамт гэхээсээ илүү нийгмийн харилцааны зохицуулалт юм. Ер нь татварыг шууд авах, дарамт болох гэхээсээ цаана нь ямар асуудлыг яаж зохицуулаад байна, тэр нь хир оновчтой байна гэдгийг илүү харж, зөв механизмыг нь бүрдүүлэхэд л оюун ухаанаа уралдуулмаар байгаа юм даа.

-Энэ хуулиудийн төсөл хэр сайн бодлогоор хийгдэж, шаардлагатай зохицуулалтаа хийж чадсан бол? Монгол улсад төрийн татварын алс хэтийн бодлого бий юу?

Хуулиудын төсөлтэй ерөнхийд нь танилцсан. Хөрөнгийн албан татварын хуулиуд өмнө нь байсан хуулиудаа нэгтгээд жаахан сайжруулаад, дээр нь малын татварыг нэмээд л гаргасан байна лээ, Нийслэл хотын албан татвар болон өв залгамжлал бэлэглэлийн албан татвартай байна гээд 1992 онд татварын ерөнхий хууль батлагдахад орсон зүйл.

Иймээс хөрөнгийн албан татварын хуулийг өв, залгамжлал, бэлэглэлийн албан татварын хуультай цогцоор нь шийдэх нь ач холбогдолтой. Энэ хуулиар зохицуулах хэрэгцээ бий болчихоод удаж л байгаа шүү дээ.

 Аль хэтийн бодлого гэдгийг өнөөдөр аль ч хүрээнд ярих аргагүй л харагдаад байна. Үнэхээр алс хэтийн төрийн бодлогоо хэрэгжүүлэх татварын механизмыг тодорхойлж чадсан бол татварын шинэчлэлийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгаа.

Татварт улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөр хандах нь аль болох багасгах, хасах зардалд оруулах, чөлөөлөх, хөнгөлөх, өршөөх гэсэн хандлага руу л чиглээд байгаа нь практикаас тодорхой байгаа биз дээ.

Алс хэтийн төрийн бодлого байгаа бол юуг чөлөөлөх, хөнгөлөх, өршөөх гэдэг нь тогтчихсон хэн дуртай нь татвар яриад байдаггүй л тогтолцоо байдаг юм байна лээ.

Тухайн татварын хуулийн концепци нь ямар байх, төрийн зохицуулалт, хяналтыг яаж хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал: ХХОАТ-ын хуулиар иргэн өөрөө орлого, татвараа тодорхойлон тайлагнах үүрэгтэй. Гэтэл Монгол улсын хүн амын хэд нь орлого олж буй иргэн байгаа бол? нэг иргэн зөвхөн цалин хөлсний л орлоготой, өөр орлогын эх үүсвэргүй гэж үзэх үү гэвэл үгүй.

Цалингаас өөр орлогын эх үүсвэртэй иргэдийн хэд нь орлого, татвараа өөрөө тодорхойлон тайлагнаж байгаа бол??? ХХОАТ-ын тайлангаа тушааж байгаа иргэдийн ихэнх нь орон сууцны чөлөөлөлт, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байгаа иргэд байгаа. Энэ зөв бодлого, тогтолцоо мөн үү?

- ХХОАТ-ын хуулиар өөрөө татвараа тодорхойлон төлөхөөр хуульчлах нь ямар учиртай вэ? Ер нь төрд ямар ач холбогдолтой юм.

ХХОАТ-ын хуулийн концепци нь татвар төлөх нь иргэний үндсэн хуульд заасан үндсэн үүрэг.  Харин хэрэгжилт нь иргэний шударга, цэвэр ариун нэр төртэй иргэн, орлого, хөрөнгийн мэдээллийн эх сурвалж болох тул төр энэ хуулиар

  • хүн амын бодлого - Нийгмийн халамжийг нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбох.  хүүхдийн мөнгө, амаржсан эхчүүдийн мөнгө гэх мэт
  • нийгмийн асуудал  - Эрүүл байх, орон сууцтай болохыг дэмжих 
  • боловсрол –Сургалтын зардлын чөлөөлөлт, хөнгөлөлт нь нийгмийн төлөвшил, нийгмийн сайн сайханы төлөө мэргэжилтэй ажилтан, инженерийн боловсролыг дэмжих замаар ерөнхийгөөс тусгай төрүүлэх, мэдлэгт сууриласан баялаг бүтээх
  • бизнесийн орчинг сайжруулах, дэмжихийн тулд бизнесийн гарааны зардлыг анхны удаа чөлөөлөх, ёс зүйгүй, шударга бус бизнесийн хязгаарлах зохицуулалт хийх
  • ажилгүйдлийн асуудлыг зохицуулах, хуульд заасан хөнгөлөлт урамшуулал эдлэх нь орлого олдог, түүнээсээ татвараа төлдөг байх харилцаанд татан оруулах. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тариаланч нар нь тайлагналаар дамжин өөрийн хийж бүтээснээ үнэлүүлэх боломж бүрдэх
  • бага орлоготой, ядуу хэсэгт чиглэсэн татварын хөнгөлөлт үзүүлэх замаар татварын буцаан олголт олгох нь тайлагнах системээр төр хяналтаа бий болгох гээд олон асуудлыг зохицуулах боломжтой.

        Иймээс татварын шинэчлэлийг цогцоор нь, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор хийх боломж байгаа. Төр татварыг ногдуулж болно. Гагцхүү тэр нь нийтээрээ дагаж мөрддөг шударга, төр, татвар төлөгчдөө үр ашиг авчирдаг тогтолцоо байхыг нь нийгэм хүсдэг.

Хууль байдаг дагаж мөрддөггүй хэсэгт нь хариуцлага үгүй, тэгээд өршөөлд хамрагддаг, харин шударгаар төлж буйдаа дарамттай байж болохгүй.   

-Ярилцсанд баярлалаа.