Мэндчилгээ
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.05.18

Мэндчилгээ

“Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-т

    Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийг хангахад идэвхи, зүтгэлтэй, санаачлагатай ажиллаж байгаа өрхийн эмч та нартаа салбарынхаа нийт ажилтнуудын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

    Монгол Улсын Засгийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч, Эрүүл мэндийн тухай хуульд 2011 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажиллагсдын нийгмийн баталгааны асуудлыг тодорхой хувиар тусгаж өгсөн нь ихээхэн ахиц дэвшил болсон юм.

    Одоогийн байдлаар улсын хэмжээнд 230 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байгаагаас нийслэлд 140, аймаг орон нутагт 90 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж, Монгол улсын нийт хүн амын 60 хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээг 18 хувиар нэмэгдүүллээ.

    Жил бүрийн 5 дугаар сарын 19-ны өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэн өнгөрүүдэг болсон нь дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт өрхийн эмч нарын үүрэг, хувь нэмрийг тодотгож өгсөн чухал ач холбогдолтой шийдвэр байлаа.

    Дэлхий дахинд энэ өдрийг “Өрхийн эмч өрх бүрт”, “Бүх нийтийг эрүүл мэндийн суурь үйлчилгээнд хамруулах” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

    2015 оныг Эрүүл мэнд, спортын яамнаас “Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” жил болгон үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж буй энэхүү зорилттой уялдаж байгаад бид талархалтай байна.

    Өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхээс гадна, гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, үйлчилгээ иргэдэд ойртох болно.

   Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, чанар хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл орчинд аж төрөх, амьдралын эрүүл зөв хэв маягийг бүрдүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, иргэдэд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын талаар анхны сэтгэгдлийг төрүүлэхэд Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

    Та бүхэндээ “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА