М.Энхболд: Арван аймгийн 15 сая малд 6.2 тэрбумаар вакцин хийнэ
2010.12.02

М.Энхболд: Арван аймгийн 15 сая малд 6.2 тэрбумаар вакцин хийнэ

Зүүн аймгийн нутагт шүлхий өвчин гарч түүнийг дарах зорилгоор төр засгаас чамгүй их мөнгө зараад байгаа. Гэвч уг өвчний тархалт үргэлжилсээр. Энэ талаар Шадар сайд М.Энхболдоос тодрууллаа.

-Засгийн газрын 246 дугаар тогтоол есдүгээр сарын 17-нд гаргаж Дорнод, Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчний эсрэг арга хэмжээ авахаар болж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүний дагуу өвчилж болзошгүй таван сая орчим малд вакцин хийлээ. Дээрх өвчинтэй тэмцэх журам, дүрэмд заасны дагуу сүүлийн вакцин хийснээс хойш гурван долоо хоногийн дараа багасвал хорио цээрийн дэглэмийг бууруулах ёстой. Иймд арваннэгдүгээр сарын 1-25-нд дээрх хоёр аймагт өвчлөл дахин гараагүй болохоор Засгийн газрын хуралдаанд оруулж, өнөөдрөөс эхлэн тогтоосон дэглэмээ цуцалж байна.

-Малчдын амьдралд хүнд цохилт болсон. Энэ талаар?
-Хорио цээрээс болж тухайн аймагт амьдардаг 900 орчим малчин өвөлжөөндөө бууж чадахгүй, ахуй амьдрал нь нэлээн хүндрэлтэй байгаа. Учир нь, хүнсний хангамжийн асуудалд бэрхшээл гарч байгаа болохоор тэр. Орон нутгийн Засаг дарга нар цаг үетэйгээ нийцсэн, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гарган ажиллах ёстой. Цаашдаа эцсийн ариутгалыг бүрэн хийж орон нутагт нь хүлээлгэн өгөх ажлыг мэргэжлийн хяналт, онцгойгийнхон хийх болно. Ер нь, өвчин зөвхөн хоёр аймагт гараад зогсоогүй. Хэнтий, Дорноговь, Төв, Говьсүмбэр аймагт гарсан нь тогтоогдсон. Тиймээс мэргэжлийн хүмүүс тухайн орон нутагт очин ажиллаж өвчнийг аль болох тархаахгүй байх арга хэмжээ авч байна. Мөн халдвар авсан малыг нь устгаж байгаа.
-Өвчин гарсан шалтгаан нь цагаан зээр гэсэн?
-Тийм. Цагаан зээрийн нүүдэл, бэлчээрээс үүдэн гарч байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Одоогоор 20 ажлын хэсэг зээрийн нүүдэл, өвчлөлийн байдал зэргийг тандаж байна. Цаашид ямар асуудалд анхаарах ёстой вэ гэвэл бүх малаа вакцинжуулах хэрэгтэй байна. Тооцоо судалгаанаас харахад арав орчим аймгийн 15 сая малд зайлшгүй өвчний эсрэг тарилга хийх шаардлагатай байгаа. Үүнд таван тэрбум 400 сая, хоёр дахь ээлжинд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй.
-Төсвөөс энэ мөнгө гарах уу?
-Үгүй. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төсвийн бусад эх үүсвэрээс дээрх хөрөнгийг гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын онцгой комисс, ХХААХҮЯ тодорхой үүрэг даалгавар өгсөн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.