”Бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулга уулзалт эхэллээ
БСШУ-ны яам СУИС-тай хамтран "Бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Уг чуулганд боловсрол, соёлын салбарын төлөөллүүдээс гадна бизнесийн байгууллагынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн оролцох юм. Мөн Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч нийлсэн 200 гаруй төлөөлөгч оролцож санал, бодлоо солилцоно.
Чуулганд уг салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцож сургалт зохион байгуулах юм. Тэдний сургалтаас маш их үр дүнг хүлээж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тухайлбал, уг чуулганаар дизайны болон киноны салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөндсөн салбар хуралдаанууд болно. Эдгээр салбаруудыг төлөөлж загвар зохион бүтээгч Ариунаа Сури болон “Babies” киногоороо монголчуудад танигдсан найруулагч Томас Балмес, Загварын бизнесийн Солонгосын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пэ Сү Жон, Шанхайн Театрын академийн профессор, Хятадын нэрт кино найруулагч Шервуд Ху нар оролцож илтгэл тавих юм байна.