Оюутолгой эрчим хүчээ Монголоос авна
Оюу толгойн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр өглөө гарын үсэг зурсан. Энэ нь зогсонги байдалд ороод байсан Оюу толгойн үйл ажиллагааг жигдрүүлэх алхам болсон. Тус гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын талд ямар ашигтай талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.
-Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэхдээ нэлээн ахиц дэвшилтэй гэрээнд гарын үсэг зурж таван хувийн роялти авах болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
Таван хувийн роляти борлуулалтын орлого байсан. Ер нь өчигдрийн гэрээнд гарын үсэг зурснаар Оюу толгойн маргаантай байсан асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлж болно. Мөн менежментийн гэрээний зургаан хувийн асуудал байна.
Далд уурхайгаас гурван хувийг авахаар гэрээ хийгдсэн. Эрчим хүчээ Таван толгойн цахилгаан станцаас авна. Үндсэндээ Монголын дотоодын үйлдвэрээс эрчим хүч авах гэх мэт үндсэн таван зүйлд зөвшилцсөн.
Ингэснээр Монголын эдийн засагт маш том өөрчлөлтийг авч ирнэ. Шийдлийн Засгийн газрын хамгийн сайн ажил боллоо гэж үзэж байна. Шүүмжлэгдээд байдаг татварын 34 сая доллар бүгд Монголын Засгийн газарт орж ирж байна гэсэн үг.
Өчигдөр бүх хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байгаа хувьцаануудын үнэ өслөө. Чингис, Самурай бонд, Худалдаа хөгжлийн бондын хувьцааны ханш өсч байгаа нь маш том үзүүлэлт.
-Эрдэнэт үйлдвэрээс 17 төрлийн татвар авдаг хэр нь, Оюу толгойгоос долоон төрлийн татвар авдаг гэдэг. Нөөц ашигласны төлбөр гэж байдаг. Түүнийг л авахаар боллоо гэж зарим гишүүд ярьж байна. Энэ үнэн үү?
Энэ удаад зөвхөн далд уурхайн үйлдвэрлэлийг ажиллагаанд оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Өмнө нь зөрчилтэй байсан асуудлаа өчигдөр шийдвэрлэсэн. Анхны байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай бол тухай бүрт нь зохицуулаад явах боломж бий. Ямар ч байсан Оюу толгойн үйл ажиллагаа жигдрэх нь Монгол Улсын эдийн засагт маш их хэрэгтэй.
-Анх гэрээ хийхдээ бүх хөрөнгө оруулалт, эрсдэлээ тусгаад 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж орж ирж байсан. Гэтэл далд уурхайн хөрөнгө оруулалт гэж дахин 4.7 тэрбум ам.долларын зээл авах гэж байна?
Ямар өнцгөөс яаж хараад тэр хүмүүс ийм зүйл яриад байгааг би мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар далд уурхайн ажлыг явуулах хөрөнгийн эх үүсвэрийг болгох боломжийг л бүрдүүлж байгаа. Далд уурхай ашиглалтад ороод ирэхээр дэд бүтэц, боловсруулах чиглэлийн бүтээн байгуулалт хийгдэх нь тодорхой.