Оюутолгойн талаарх байрь суурь...
Оюутолгой
2015.05.20

Оюутолгойн талаарх байрь суурь...

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх тал дээр эдийн засагчид болон улстөрчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Жим Двайер: Үр дүн нь илүү их татвар төлж эхлэхэд мэдрэгдэнэ

Далд уурхайн олборлолтод хугацаа хэрэгтэй. Тэгээд зэсийн үнэ өсөх үед ашигтай нөхцөлөөр нийлүүлэх боломжтой болно. Ирэх хоёр жилээс зэс ахин үнэд орох хандлагатай байна. Энэ талаар тодорхой дүгнэлтийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэр үед Оюутолгой нийлүүлэлт хийх боломжтой болох байх. Сүүлийн хоёр жил монголчуудад хүнд байсан.

Харин одоо байдал өөрчлөгдөж байна. Үр дүнг нь өнөөдөр, маргааш олж харахгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчинд эерэг хандлага үүсч, эдийн засагт шууд бус нөлөө үзүүлэх болно. Жинхэнэ үр дүн нь Оюутолгойн далд уурхайн олборлолт хийгдэж, ирэх оноос улсад илүү их татвар, роялти төлж эхлэх үед л мэдрэгдэнэ. Уурхайн ханган нийлүүлэгчид сэргээд ирэхээр эдийн засгийг дэмжих нь дамжиггүй.

Ч.Улаан: Засгийн газар 100 хувь буулт хийх шаардлагагүй

Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжих нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарах, цаашлаад хөгжин дэвжихэд чухал ач холбогдолтой. Миний хувьд ямар гэрээ хэлэлцээр хийсэн талаар мэдээлэлгүй байна. Өмнөх хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ нь хэрхэн өөрчлөгдөж байгаад ач холбогдол өгөх ёстой. Сангийн сайдын албыг хашиж байсны хувьд тодорхой байр суурийг баримталж байсан.

Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг дүгнэх, ТЭЗҮ-ээс хэтэрсэн, эсэхийг тодруулах, төслийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх болон харилцан ашигтай байх зарчмыг хангах асуудалд тодорхой байр суурьтай байсан. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчидтай зарим зүйл дээр санал нийлэхгүй байсан түүхтэй. Тиймээс эдгээр асуудал хэрхэн шийдэгдсэн, эсэхэд нухацтай хандах ёстой. Гэрээг харилцан ашигтай байгуулах нь чухал. Түүнээс биш Монгол Улсын Засгийн газар 100 хувь буулт хийх шаардлагагүй. Хэрвээ Монгол Улсад ашиггүй байдлаар гарын үсэг зурсан бол засах нь зөв.

Д.Батцогт: Засгийн газар сайн тохиролцоонд хүрсэн гэдэгт найдаж байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд Оюутолгойн төсөл чухал нөлөө үзүүлж байсан. Гэвч манай   талаас энэхүү гэрээг ашиггүй болсон хэмээн шүүмжилж, Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тодорхой шаардлага тавиад байсан. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа гэх мэдээллийг авлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг авч чадсангүй. Миний хувьд гарын үсэг зурснаар түгжээ мултарч байна хэмээн үзэж байна.

Далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдсэнээр Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахад дөхөм боллоо. Харин Засгийн газар болон “Рио Тинто” ямар зүйлүүд дээр буулт хийснийг мэдэхгүй байна. Гэхдээ Засгийн газар сайн тохиролцоонд хүрсэн гэдэгт найдаж байна. Миний хувьд Оюутолгойн гэрээг сайн болсон гэж үздэггүй. Гэхдээ нэгэнт хийгдсэн гэрээг төгс төгөлдөр болгоно гэж байхгүй. Эхний хувилбараас ахицтай байвал дэмжинэ. Эдийн засгийн хүндрэлээ - бодсон ч мега төслүүдээ явуулах нь зөв.