Нутгийн удирдлагын эрх зүйн хүрээнд хийх шинэчлэл эхэллээ
ХБНГУ-ын Конрад-аденауэр сан
2015.05.22

Нутгийн удирдлагын эрх зүйн хүрээнд хийх шинэчлэл эхэллээ

Монголын нутгийн удирдлагын холбоо 2015 оннд нутгийн удирдлагын эрх зүйн орчныг шинэчлэх зорилт тавиад ажиллаж байна.

ХБНГУ-ын Конрад-аденауэр сангийн санхүүжилтээр энэ чиглэлээр 20 аймгийн төлөөллийг оролцуулсан ойлголтоо нэгтгэх, хэлэлцүүлэг уулзалтыг өнгөрсөн сард Улаанбаатар хотод зохион байгуулж Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар, Өмнөговь аймгийн  ИТХ-ын дарга, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Батчулуун нараар ахлуулсан хоёр ажлын хэсгийг байгуулж ажиллаад нутгийн удирдлагын түвшинд  алба хашиж, сонгууль хүлээж  буй ажилтан сонгуультануудаар хэлэлцүүлэг хийж  орон даяар санал цуглуулах ажил амжилттай өрнөж байна.

Өмнө нь бид хуулинд санал өгөх  хэлбэрээр явж ирсэн бол энэ удаад хуулийн төслийг  бүхэлд нь  шинэчлэн боловсруулахаар мэргэжлийн ажлын хэсгийг байгуулж ажиллуулж байна. Засаг захиргаа, нутагт дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулсан төслийг ирэх сарын 8,9 өдөр аймаг, зарим дүүргээс оролцсон ажлын хэсгээр хэлэлцүүлээд гарсан саналуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээр дээр дахин боловсруулалт хийх юм.     

Үүний дараа МНУХ-ны удирдах зөвлөллийн хурлаар орж  УИХ-ын гишүүн, МНУХ-ны тэргүүн Су. Батболд, УИХ-ын гишүүн, нутгийн удирдлын дэд хорооны дэд Н.Батцэрэг нарт уламжилж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлэгт идэвхи санаачлагатай, нягт нямбай  ажиллаж байгаа МНУХ-ын удирдах зөвлөлийн гишүүд нийт оролцогсдод талархал илэрхийлье.

ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН УДАХГҮЙ ЗАРЛАГДАНА

МНУХ-ноос нутгийн удирдлагын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар эссэ илтгэлийн уралдааныг зарласан. Тус уралдааныг энэ чиглэлээр алба хашиж буй ажилтанууд болон эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид мөн оюутнуудын дунд зарласан юм. Уг уралдаанд 40 гаруй эрдэмтэн судлаачдын бүтээл ирсэн байна. Уг уралдааныг шалгаруулах шүүгчдын ажлын хэсэг байгуулагдлаа. Уг ажлын хэсгийг Холбооны  удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Ж.Ядамсүрэн ахалж ажиллаж байна. Уралдааны шилдэг бүтээлүүдээр эрдэм шинжилгээний бага хурал хийж эхний байруудыг шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 15 өдөр болно.

ХБНГУ-ын конрад аденауэр сан тус уралдаанд шалгарсан нэг оюутныг 6 сарын турш сар тутам 400,000 төгрөгний тэтгэлэг олгоно. Мөн түрүүлсэн бүтээлийн эзэнд 1 сая төгрөгний  шагналыг олгоно.  Уг эссэ бичлэг эрдэм шинжилгээний ажил нь Монголын нутгийн удирдлагын холбоо,   Конрад аденауэр сантай хамтран хийдэг уламжлалт томоохон ажлуудын нэг юм.