Л.Болд Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургуулийн асуудлыг хөндлөө
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эрхлэн иргэдийн өргөдлийн дагуу “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.19/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “ Хан-Уул дүүргийн 41-р цэцэрлэг бохирын шугамаас болоод ажиллахгүй хэдэн сар боллоо. Сангийн яам, БСШУ-ын яамдууд хоёр бие рүүнгээ шидээд тодорхой шийдвэр гаргахгүй байна. Мөн 32-р сургуулийн хэдэн зуун хүүхэд өнөөдөр гудамжинд байна. Хэзээ хэвийн ажиллах юм бэ. Үнэхээр иргэд туйлдаа хүрлээ. Бид заавал гудамжинд гарч жагсах ёстой юу?. Бас Буянт ухаа хороололын концессын гэрээгээ барьсан хоёр цэцэрлэгийг яах вэ? Энэ одоо цэцэрлэг ажиллах нь өнгөрч баар цэнгээний газар болж байх шиг байна. Яах ёстой юм бэ. Хэдэн жил энэ хүүхдүүдийг хохироох ёстой юм бэ. Яам дүлий юм шиг л таг байх юм. Яг одоо надад тодорхой хариу хэлээч. Манай сонгогчид хүлээж байна” хэмээн асуулаа.
БСШУЯамны “ХУД-ын 41-р цэцэрлэг, БЗД-ийн 85-р сургуулиуд ижилхэн нөхцөл байдалтай байгаа. Одоо байгаа төсвийн хүрээнд нийслэл 80 сая, манай яам 80 сая төгрөг гаргаж ажлыг эхлүүлэхээр болсон байгаа. 32-р сургуулийн концессын гэрээгээр барих 10 обьектийн жагсаалтад оруулж, засгийн газрын хуралданд оруулсан. Засгийн газар өрийн босгыг нэмэгдүүлэхгүй гээд зогсоочихсон байгаа. Буянт ухаа хорооллын хоёр цэцэрлэгийн хөрөнгийг төсвийн тодотголд оруулахаар төлөвлөж байгаа” гэв.
Ингээд дээрх асуудлуудтай холбоотойгоор өргөдлийн байнгын хорооноос тусад нь тогтоол гаргуулахаар боллоо.