Хан-Уул дүүрэгт Кирилл үсгийн хөшөө сүндэрлэлээ
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж 2014 онд Болгар улсын Софи хотод айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн билээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол, Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн Кирилл үсгийн хөшөөг байгуулах санаачлага ИТХ-аар дэмжигдэж, дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд өнөөдөр ийнхүү сүндэрллээ.
Кирилл, Методи-ийн цагаан толгойн үсэг анх Болгар улсаас түүхэн эх үүсэлтэй бөгөөд Монголчууд бидний дөрвөн үеийг дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай бичиг үсэг билээ.
“Кирилл үсэг” хөшөөний нээлтийн үйл ажиллагааг нээж ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг үг хэлэхдээ “Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Плевнелиев, болон Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд ноён Ц.Цолмон, Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Л.Дүгэржав эрхэм зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол, Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн Кирилл үсгийн хөшөөг байгуулах санаачлага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар дэмжигдэж, дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд өнөөдөр сүндэрлэж байгаад баяртай байна.
Монгол Улсад төрийн дээд айлчлалт хийхийн зэрэгцээ энэхүү Кирилл үсгийн хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Плевнелиев танд болон дагалдан ирсэн албаны бүх хүмүүст дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол, Болгарын найрамдал батжих болтугай” гэлээ.