Ард түмнээс юу асуух вэ гэдгээ бодолцох ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.05.26

Ард түмнээс юу асуух вэ гэдгээ бодолцох ёстой

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гишүүнээс дараах асуултуудад хариулт авлаа.

-Сонгуулийн тогтолцоо ямар байхыг ард түмнээсээ асуух тогтоолыг УИХ-д оруулж ирээд байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Дэмжихгүй. Юуны түрүүнд ард түмнээсээ юу асуух вэ гэдгээ бодолцох ёстой. Бидний түүхэнд ард түмнээсээ асууж байсан үе бий юү гэвэл бий. 1945 онд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүх нийтээрээ саналаа өгч байсан. Энэ бол манай улсын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал. Ингэж Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дунд Хятад улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Үүнээс гадна эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаа сайтар бодолцох ёстой.

Мөнгөгүй, эдийн засаг хямарсан энэ үед дээрх санал асуулгад зарцуулна гээд байгаа өчнөөн тэрбум төгрөгөө нийгмийн халамж, үйлчилгээ, ажилтан, албан хаагчдынхаа цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд зориулах ёстой. Тэгээд ч жил хүрэхгүй хугацааны дараа бүх шатны сонгууль болно.

Сонгууль, санал асуулга гэж ойр ойрхон их хэмжээний зардал гаргах шаардлагагүй. Ер нь бид ард түмний төлөөлөл болж энд сууж байгаагаа ухамсарлах учиртай. Иргэд, сонгогчдын итгэлийг өвөртөлж энд суучихаад асуудал шийдэх нэрээр ард түмнээсээ асууна гэх нь утгагүй.

-Та сонгуулийн ямар тогголцоог дэмжиж байна вэ?

2012 оны хувилбар болох холимог 28:48 гэсэн харьцаагаар сонгууль явуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь тун боломжийн хувилбар шиг санагдаж байгаа. Пропорциональ элементийг оруулж ирснээ үгүйсгэж болохгүй.

Энэ ч утгаараа 76 жижиг тойрогтой мажоритар тогтолцоо руу шилжих, эсэхийг ард түмнээсээ асуух ёстой гэсэн агуулга бүхий төслийг дэмжихгүй. Гэхдээ одоогийн холимог тогтолцооны хүрээнд намаас санал болгож, жагсаалтад оруулах нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөх нь зүйтэй гэж бодож байна.