Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлнэ
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
2015.05.27

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлнэ

Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өсч байгаагаас  2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж байна.

Иймд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-ын турбонгенератороор  өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгэгчтэй түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулан 2015 онд ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг тус банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт үүрэг болгожээ.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 1987 онд ашиглалтад орсон, 150 мянган цаг ажиллахаас 204 мянган цаг хүртэл хэтэрч ажиллаж, ашиглалтын хугацаа дуусчээ. Мөн Орхон аймагт ашиглалтад орох төмөрлөгийн үйлдвэр, “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд болон тус аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн хорооллыг шинээр барихаар төлөвлөсөн. Иймд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага бий болжээ.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлснээр Эрдэнэт хот болон төвийн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улайстайн эрчим хүчний систем, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн эрчим хүчний систем сайжирч, тухайн бүс нутгуудад шинээр барилга байгууламж барих, бусад дэд бүтцийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ. Тус станцыг шинэчлэх төслийн нийт өртөг 55 сая ам.доллар бөгөөд 10 гаруй жилд өртгөө нөхөх, жилд 7.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах тооцоог хийжээ.