Я.Содбаатар гишүүн Хүүхдийн баярын арга хэмжээнд оролцлоо
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, “Хөгжлийн хүрд” ТББ-тай хамтран Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо “Хүүхдийн мөрөөдөл” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү баярт тус аймгийн таван сумын зорилтот бүлгийн 150 хүүхэд багачууд оролцож, хүүхэд залуучуудын паркад тоглуулж, урлагийн тоглолт үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, Өвөрхангайн ирээдүй болсон хүүхэд багачуудтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Тэрбээр “Хүүхэд багачууд бол Монголын ирээдүй. Тийм учраас бид хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” гэв. Энэ үеэр Өвөрхангайн хүүхэд багачууд Я.Содбаатар гишүүнд өөрсдийн хүсэл мөрөөдлөө хуваалцаж, хүүхэд насны гэгээн дурсамжаа нэгээр нэмсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар Хангай бүсийн өсвөрийн шатарчдын багийн тав дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт тамирчин хүүхэд багачуудад баяр хүргэж, шагнал гардууллаа. Энэхүү тэмцээнд Өвөрхангай аймгийн шигшээ багийн шатарчид багийн дүнгээрээ тэргүүн байр эзэлсэн бол Өмнөговь, Булган аймгийнхан удааллаа.