Г.Шийлэгдамба сайд Азийн хөгжлийн банкны Захирлын зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банкны захирлын зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ.
2015.06.05

Г.Шийлэгдамба сайд Азийн хөгжлийн банкны Захирлын зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банкны захирлын зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ. Тус банкны гишүүд Дундговь аймгийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа аж.

Цахим хурлыг Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр Дундговь аймгаас хөтлөн явуулсан юм.

 Хурлын эхэнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “Хуучнаар ЭМЯ одоогийн Эрүүл мэнд, спортын яам АХБ-тай 1997 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж одоогийн байдлаар V хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байна. АХБ-тай хамтран ажиллаж хуримтлуулсан туршлагыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд бид анхаарч буйн илрэл нь 2015 оны нэгдүгээр сарын 09-нд хамтран зохион байгуулсан төлөвлөлтийн уулзалт юм.

Тус уулзалтаар АХБ-тай хамтарсан Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн хүрээнд өмнө хийгдсэн, одоо хийгдэж байгаа дүн шинжилгээг үндсэн зургаан чиглэлээр ЭМСЯ-ны удирдлагын баг тус банкны мэргэжилтэн, зөвлөхүүдээс сонсч, цаашдын төлөвлөгөөндөө тусгаж байна.

Үүний зэрэгцээ одоо хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 болон тавыг үр дүнтэй хэрэгжүүлэх, менежментэд нь анхааран ажиллах болно. Цаашид ч ЭМСЯ нь АХБ-тай хамтран дараагийн эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, мөн Японы Ядуурлыг бууруулах сан, /JFPR/-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.

АХБ-ны захирлын зөвлөлийн гишүүд салбарын сайдын хэлсэн үгэнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид хэрхэн хамтраж ажиллах талаараа болон салбарт ямар асуудал тулгамдаж байгаа талаар харилцан ярилцлаа.