Оношлогоо, эмчилгээний төвийн шав тавив
2015.06.03

Оношлогоо, эмчилгээний төвийн шав тавив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллах үеэр Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн А корпусын барилгын шавыг тавьжээ.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв нь баруун таван аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм. Гэвч барилга нь хуучирснаас шинэчлэн барих шаардлагатай болсон. Асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга санаа тавьж хөөцөлдсөнөөр Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дээрх барилгыг шинээр барихаар болжээ.

Барилга ашиглалтад орсны дараа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийг Бельги улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдвэрлэхээр болж байгааг дээрх арга хэмжээний үеэр байнгын хорооны дарга Д.Батцогт тодотгосон юм.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийг шинээр барьж өргөтгөснөөр тоног төхөөрөмж шинэчлэгдэж, таван ч аймгийн иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болох юм.

Байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Мөн Алтай, Булган, Үенч сумдад ажиллаж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны төвшинд хийж байгаа ажил, УИХ-ын хаврын чуулганаар ямар хууль, тогтоолын төсөл батлагдсан талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонссон юм.