Ашиглалтад ороогүй  эмнэлгүүдийг цэгцэлнэ
Яармаг дахь эмнэлэг
2015.04.09

Ашиглалтад ороогүй эмнэлгүүдийг цэгцэлнэ

Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар төрөх. эмнэлгүүдийн талаар ярилцаж, гарц хайв. Тухайлбал, таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлгийг яаралтай барих асуудлыг анхааралдаа авахаар болсон байна.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг улсаас хөрөнгө гаргахгүйгээр засварлах, эмнэлгийн зориулалтаар нь ашиглах тухай концессын гэрээ байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн менежментийн багт өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж буй тул улсын төсөв хүндрэлтэй ийм үед Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгыг энэ жишгээр ашиглалтад оруулах нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүн үзсэн байна.

Барилгыг гүйцээж барих, орчин үеийн техник хэрэгслээр тоноглох, эмнэлэг шиг эмнэлэг болгоход шаардлагатай 40 тэрбум төгрөгийг босгох шаардлагатай аж. Концессоор авсан багт улсын эмнэлгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувийн эмнэлгийн жишгээр төлбөрт үйлчилгээ хийж өрсөлдөх эрх олгох юм байна. “Шийдлийн цаг” уулзалтад оролцсон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар нарт хувийн хэв- шийн чадалтай хөрөнгө оруулагч олж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.