260 ортой эмнэлэг ажиллуулна
Эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн зохион байгуулах бодлогын дүн шинжилгээний хүрээнд нийслэлийн хүн амд шаардлагатай нэгдсэн эмнэлэг, орны тоог хүн амын өсөлтийн чиг хандлага, тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн 2025 он хүртэл тооцсон бөгөөд нийслэлд 2555 ор бүхий 12 нэгдсэн эмнэлэг шаардлагатай гэсэн дүн гарчээ.
Үүнийг үндэслэн “Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээр хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа.
Харин хэлэлцээр хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.
Манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ хүн амын суурьшил, нягтрал, өвчлөлийн байдалд нийцүүлэн оновчтой болгох шаардлага бий гэлээ.