Г.Шийлэгдамба: Төсвийн гадуурхи санхүүжилтээр барилгын зориулалтыг өөрчилнө
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.01.08

Г.Шийлэгдамба: Төсвийн гадуурхи санхүүжилтээр барилгын зориулалтыг өөрчилнө

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын талаар дараах тодруулгыг авлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг буцаагаад зориулалтынх нь дагуу ашиглана гэдэгт Засгийн газар нэгдсэн байр суурьт хүрсэн үү?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалттай барилгыг цаашид контор бус эмнэлгийнх нь зориулалтаар ашиглах нэгдмэл ойлголттой байгаа. Гэхдээ төрөлжсөн эмнэлгийн зориулалтаар бус нэгдсэн эмнэлгийн зориулалтаар, тодруулбал, IV эмнэлгийг байгуулна гэж урьдчилсан байдлаар ярилцаад байгаа.

-Эмнэлгийн зориулалтаар ашиглахад шаардагдах хөрөнгийг нь төсвийн тодотголд тусгах ёстой юм биш үү?

Эхлээд Засгийн газар шийдвэрээ гаргачихаад дараа нь төсөв мөнгөний асуудлыг нь шийднэ. Буцаагаад эмнэлгийн зориулалттай болгоход хамгийн багадаа гурван тэрбум төгрөг зарцуулна.

-Зориулалтынх нь дагуу ашиглах Засгийн газрын шийдвэр хэдийгээр гарах юм бэ?

-Удахгүй гарна. Ер нь энэ асуудал дээр Ерөнхий сайд бид хоёр нэгдсэн байр суурьтай байгаа.

-Удахгүй эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр нь гарах юм бол шаардагдах хөрөнгийг нь төсвийн тодотголд оруулах ёстой юм биш үү?

Зарим барилгыг дуудлага худалдаагаар зараад тэндээс орж ирсэн орлогоо энэ эмнэлгийн барилгад зарцуулж болно. Өөрөөр хэлбэл, төсвийн гадуурхи санхүүжилтээр шийднэ гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, Ерөнхий сайд бид гурав саяхан уулзсан. Одоо дуудлага худалдаанд оруулах барилгуудын судалгааг Төрийн өмчийн хороо хийж байгаа.

-Энэ эмнэлэгт ашиглахаар авч ирсэн эмчилгээний аппаратыг барилгынх нь зориулалтыг өөрчилж байхдаа эвдэлсэн гэдэг үнэн үү. Та очиж үзсэн үү?

Очиж үзсэн. Үндсэн аппаратыг нь бол эвдрээгүй. Харин нэг нэмэлт төхөөрөмжийг нь гэмтээчихсэн юм билээ.