О.Баасанхүү: Би туршлагагүй улстөрч байж болох ч зарчимгүй юм яриагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.01.08

О.Баасанхүү: Би туршлагагүй улстөрч байж болох ч зарчимгүй юм яриагүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг Дээд шүүх, Мөрдөх албаны байр болгоно гэж байсан ч эмнэлгийн зориултаар ашиглахаар боллоо. Уг эмнэлгийн барилгын талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн талаараа ярихгүй юу?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулах боломжтой. Урд барилгад нь хамгийн ихдээ 300 тэрбумын хөрөнгө оруулалт хийхэд Улаанбаатарыг бүрэн хангахуйц оношилгооны төв болчих юм.

Бүх тоног төхөөрөмж гэх мэт зүйлсээр Монгол Улсыг бүрэн хангах бололцоотой. Эмнэлгийн зориулалт бүхий барилга барихад хамгийн багадаа 20 тэрбум төгрөг гардаг. Тэгвэл ; уг барилга нь 40 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй. Хоёр сая 300 мянган доллар өгчихвөл ард, урд аль аль эмнэлгийн барилга баригдаад дуусна.

Ингэснээр 240 ортой эмнэлэг баригдаж урд барилгадаа оношилгоо, лабораторийн төв болох боломжтой. 2015 оны төсвийн тодотгол ороод ирчихсэн болохоор эмнэлгийн  тодотголыг хамт оруулж ирээчээ гэдэг үүднээс би яриад байгаа юм. Зориулалт зарцуулалтыг буруу хийсэн гэх мэт нь дараагийн асуудал

-Яагаад дараагийн асуудал гэж?

Аудит оруулж буруутай эсэхийг нь шалгуулах ёстой. Одоо нэн тулгамдаад байгаа өөр нэг асуудал нь Сонгинохайрхан дүүрэгт 150 ортой хүүхдийн ортой эмнэлэгт 240 гаруй хүүхэд байна. Эмнэлгийн хомсдол үүсчихлээ.

Бүхэл бүтэн яамны байрыг эмнэлэг болгохын тулд хугацаа нэлээд орох тул хажуугийн байшинтай нь хамт гуравдугаар сард ашиглалтад оруулах боломжтой. Үүнийгээ бушуухан ашиглалтад оруулах ёстой гэдгийг Ерөнхий сайд, Хуульзүйн сайдад бичгээр хүргүүлж байгаа юм.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг шүүх, Мөрдөх албаны байр болгохыг эсэргүүцсэн. Та хоёр жил гаруй үүнийг эсэргүүцсэн. Одоо ч мөн энэ талаар ярьж байх юм. Угаасаа л зориулалтаар нь ашиглахаар боллоо...

Би анхнаас нь эсэргүүцсэн. Үр дүнгээ өгч байна. Миний бие Их хуралд ороод хэд хэдэн чиглэлийг ярьж байсан. Яг миний хэлснээр болж байна шүү дээ. Би бондыг эсэргүүцэж байхад надад дургүй байсан. Их хурлын протоколыг харж болно. Тэр үед би мөнгийг нь эсэргүүцэж байгаагүй юм.

Харин хүү нь хэт өндөр байна л гэж байлаа. Уг мөнгө орж ирээд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсан хирнээ мөнгө авна гээд хэлчихсэн. Одоо 1.8 тэрбум ороод ирчихсэн. Бид энэ онд 500 сая ам.доллар төлөх гэж байна. Өнөөдрийн долларын ханшаар аваад үзэхээр.100 тэрбум орчим төгрөг төлөх гэж байгаа юм.

Одоо хэмнэлт гээд яриад байгаа зүйл чинь эцсийн бүлэгтээ өрөө төлөхийн тулд гаргаж байгаа зардал болчихлоо. Хэрэв тэр үед миний үгэнд ороод явсан бол өнөөдөр хэмнэлтийн горимд оръё, бүсээ чангалъя гэж ярихгүй байсан.

Монгол Улсад эмнэлгийн хомсдол үүсчихсэн байх үед орчин үеийн эмнэлэг болох байсан газрыг 3-4 тэрбум төгрөг зарцуулан зориулалтыг нь өөрчилсөн. Одоо буцаагаад эмнэлэг болгоё гээд явж байгаад нь харамсаж байна. Одоо тэглээ гээд харамсч суугаад яахав одоо засаад явах хэрэгтэй. Үүний тулд бондын мөнгийг гаргаж ирээд төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ашиглалтад оруулаачээ л гэж байгаа юм. Одоо тэр энэний буруу гэж яриад яахав.

Би Боомт захиргаа, Тахарын албыг байгуулахад үргүй зардал гарна. Байгуулаад хэрэггүй гэдэг хатуу байр суурийг хэлж байсан. Гэрч хохирогчийг хамгаалахыг би буруутгаагүй. Үргүй зардал гаргахын тулд 80 жилийн түүхтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтэс болгоод ажлуулах гэсэн.

Одоо буцаад бөөн ажил чирэгдэл болоод олон хүнийг ажилгүй болгох гэж байна. Адууныхаа хэрээр исгэрэх байсан юм. Гэтэл яав. Миний хэлсэн рүү л орж байгаа биз дээ.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс таныг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн ч байнгын хорооны гишүүд дэмжихгүй байна. Яагаад таныг дэмжихгүй байгаа юм бэ ?

Байнгын хорооны дарга болон дэд хороодын дарга нарыг томилохдоо намын бүлгүүд Их хурлын даргатай зөвшилцөнө гэсэн хуулийн заалт байгаа. Манай бүлэг миний нэрийг оруулаад байгаа юм биш. Манай бүлэг нөгөө хоёр намын бүлэгтэй зөвшилцсөн. Энд О.Баасанхүү гэдэг хүнээ оруулъя гэсэн. Байнгын хорооны дарга дэд хорооны дарга болоогүй гишүүнээ дарга болгоё гээд намайг дэвшүүлсэн.

Учир нь хоёр жил Их хуралд суучихсан болохоор боломжийн, хуульч гэж үзсэн. Энэ чинь Өргөдлийн байнгын хороо биш. Өргөдөл, гомдлын байнгын хороо байхгүй юу. Би чинь өмнө нь өргөдөл, гомдол шийдвэрлэх гээд явдаг байлаа. Тийм болохоор надад таарна. Гэтэл харамсалтай нь Ардын намынхан зөвшилцлөөсөө ухарсан. Ардын нам үнэхээр том нам юм бол эдийн засаг, улс төрд санаа зовж байгаа юм бол өөрсдөөсөө эхлээчээ гэж хэлмээр байна.

Ингэхийн тулд татварын хөрөнгөөр хүүгүй 14 тэрбум төгрөгөөр намын байр барьсан. Үүнийгээ дөрвөн жилийн дотор багаар төлөөд дуусгаачээ гэдэг асуудлыг би тавьсан. Би байшинг нь хураах юм яриагүй. Тэд төрийн компани оруулаад фитнесс ажиллуулаад байж байна.

Гэтэл өнөөдөр яагаад нэг ядарсан эхчүүд одонгийн мөнгөнөөс татгалз гэж, ядарсан гэр бүл яагаад багахан халамжийн мөнгөнөөсөө татгалз гээд байгаа юм. 90 жилийн түүхтэй нам уриалга гаргаад үүнийг шийдэж өгч болдоггүй юм болов уу гэж хэлснийхээ төлөө ийм байдалд хүрлээ. Би туршлагагүй улс төрч байж болно. Гэхдээ зарчимгүй юм яриагүй. Мөн Ардын намыг эвгүй байдалд хийх юм ч яриагүй.

-Өшөө авах маягаар хандаад байгаа юм уу?

Зарчмын хувьд том нам ч жижиг зүйл оролдоод байх юм. Өнөөдөр бүх сайд нар ямар байгаа талаар нэг зүйлийг баттай хэлж чадна. 2016 онд амь насаа золих нь холгүй эдийн засгийн төлөө явах хүн байгаа юм уу. Эсвэл УИХ-ын гишүүн гишүүн болох, санхүүгээ босгох, нэр хүндээ өсгөхийн тулд явж байна уу гэдгийг гаргаж ирэх цаг болсон.

-Та юу гэж харж байна?

Энэ сайд нар дотор М.Энхсайханаас бусад нь тэгж явахгүй дээ. Одоо бол компанийн захирал, шагналын сайдууд л сууж байна.