Г.Шийлэгдамба: Царцсан барилгуудын гэрээг цуцална
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.01.30

Г.Шийлэгдамба: Царцсан барилгуудын гэрээг цуцална

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөр эруүл мэндийн болон спортын салбарын царцсан гэх барилгуудын үйл явцтай танилцлаа.

Тэрээр нисэхэд баригдаж байгаа 300 ортой эх, хуухдийн эмнэлэг болон 60 ортой геронтологийн барилгын ажил яагаад удааширсан талаарх дэлгэрэнгуй мэдээллийг авсан юм. Мон Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа 1000 хүний суудалтай Спорт цогцолборын барилгатай танилцав. Эрүүл мэндийн салбарт царцаагдсан гэх тодотголтой 12 барилга бий. Үүний тал нь нийслэлд үлдсэн хэсэг нь хөдөө орон нутагт баригдаж байгаа юм.

Уржигдархан бид гурван сая дахь иргэнээ хүлээн авсан. Хүн ам өссөөр байгаа ч нэг ч эмнэлэг шинээр баригдаагүй гэх мэдээллийг эрүүл мэндийн салбарынхан өгдөг. Улсын хүн амын 50-иас илүү хувь нь нийслэлдээ төвлөрчихөөд байгаа хэдий ч аль 1960 онд баригдсан эмнэлгүүдээс өөр эмнэлэг нэмж бариагүй гэдгийг салбарын өмнөх сайд хэлж байсан. Тиймээс хүн амын төвлөрөл үүссэн нийслэлдээ эх хүүхдийн гэх тодотголтой эмнэлэг барих асуудал анх 2007 онд яригдаж байжээ. Ингээд 500 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг байгуулахаар болж зургаан га газрыг шийдэж өгчээ.

Ингэхдээ хотын төвд энэ хэмжээний газар олдохгүй, нийслэлд замын бөглөрөл их, Яармагт цогцолбор хот баригдана тэнд барих нь зүйтэй гэснээр барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хамгийн гол нь зураг төслийг нь гаргаж санхүүжилт хийхдээ дэд бүтцийн асуудлыг орхигдуулсан явдал юм.

Гэсэн ч тендер нь зарлагдаж “Нийслэл Өргөө” ХХК шалгарсан байна. Тухайн үед нийт санхүүжилт нь 13 тэрбум төгрөг байсны 90 гаруй хувийг авсан ч гүйцэтгэл нь удааширч онц дамжсаар одоо дахин 16 тэрбум төгрөг шаардлагатай байна гэх тайлбараар уг барилыг царцаажээ. Г.Шийлэгдамба сайд дэд бүтэц нь шийдэгдээгүй байхад яагаад энэ барилга төлөвлөгдөж, хөрөнгө оруулалт хийгдэж, худалдах, худалдан авах үйл явц үүссэн байгаа нь урхагтай, уршигтай нөхцөл байдал үүсгэсэн байна хэмээн ярьсан юм. Энэ нь төрийн ажил ийм байдалтай явагдаж байгааг эндээс харж болохоор байна гэв. Мөн тэрээр “Төсвөөс санхүүжилтээ өндөр хэмжээгээр авсан ч гүйцэтгэл нь маш муу байна.

Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байгаад холбогдох байгууллагууд хяналт тавих нь зүйтэй. Мөн ийм нөхцөлд яагаад санхүүжилт хийгээд байна гэдэг асуудал гарна. Гэтэл одоо гүйцэтгэгч байгууллагууд нь он дамжуулж царцаачихаад нэмэлт санхүүжилт хүсдэг байдал үүсээд байна. Тэгэхээр үүний цаана төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй зарцуулагдаж байгаа, цаашлаад ашиг сонирхлын ямар нэг зөрчил байна уу гэж хардлага төрүүлж байна.

Тиймээс Барилгын хөгжлийн төв, Сангийн яам болон манай яамныхан энэ асуудалд хяналт тавихгүй бол бид хэзээ ч эмнэлэгтэй болохгүй юм байна. Энэ байдлыг таслан зогсоох ёстой. Эрүүл мэнд, спортын сайдын хувьд 300 ортой эмнэлгийн асуудлаар Ерөнхий сайдтай тодорхой асуудлуудаар санал бодлоо солилцож, шийдвэрлэх чиглэл рүү ажиллаж байгаа. Ямар ч байсан энэ ондоо багтаан шийдвэрлэнэ” гэв.

Мөн хууль хяналтын байгууллагын шийдвэр гарсан ч гүйцэтгэл байхгүй, хараа хяналт сул байгаагаас барилгын хөрөнгийг шамшигдуулах асуудал гарч байна. Тиймээс шинээр баригдаж байгаа барилгуудын С харуул хамгаалалтыг чангатгана гэв. Үүнээс гадна нэр бүхий эдгээр компаниудыг төрийн т хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцохгүй байх нөхцлийг бүрдүүлж, өмнөх гэрээнүүдийг нь цуцална гэдгээ мэдэгдсэн.

Тус эмнэлгийн хажууд баригдаж байгаа гернотологийн төвийн 60 ортой эмнэлгийн барилга  царцсан бөгөөд гүйцэтгэгч компани болох “Арвис интернейшнл” мөн л анхны төсөвт өртгийн 95 хувийн санхүүжилтыг авсан ч барилгын ажил дөнгөж 40 хувьтай зогссон байна.