Г.Шийлэгдамба: Нэгдсэн эмнэлэг болгоход 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гаргажээ. Тус эмнэлгийг өмнөх Засгийн газар Хууль зүйн яаманд харьяалуулж, оффисын зориулалттай болгосон билээ. Энэ талаар Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гаргасан байна. Хэдэн ортой, ямар хүчин чадалтай эмнэлэг бий болох вэ?
Тус эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж, конторын зорилгоор ашиглах шийдвэр гаргасан байсан. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эмнэлгийн барилгыг Эрүүл Мэнд, Спортын яамны харьяанд шилжүүлж нэгдсэн эмнэлгийн зориулалтаар 260-аас доошгүй ортой эмнэлэг болгон барьж ашиглах шийдвэр гаргалаа.
Тус барилгыг менежментийн гэрээгээр орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг болгох юм. Нэгдсэн эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудыг нэг дор төвлөрүүлнэ. Гэхдээ энэ эмнэлэг дотроо, төрийн тусгай албан хаагчдад үйлчилгээ үзүүлэх ажиллагааг нь давхар харьяалуулна.
-Барилгын зориулалтыг өөрчлөхөд хэдэн төгрөг шаардлагатай вэ?
Нэгдсэн эмнэлэг болгоход 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
-Ашиглалтад хэзээ орох вэ. Анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг, өөрчлөхөд яагаад ийм өртөг өндөртэй байгаа вэ?
Бид тооцоо хийж 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарахыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ мөнгө нь стандартын дагуу эмнэлэг болгох барилгын засвараас гадна, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бусад бүх зардлууд орж байгаа. Энэ оны наймдугаар сар гэхэд эхний ээлжийг нь ашиглалтад өгөх төлөвлөгөөг гаргасан