Г.Шийлэгдамба: Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлгийг энэ онд ашиглалтад оруулна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.16

Г.Шийлэгдамба: Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлгийг энэ онд ашиглалтад оруулна

Өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлогоо тодорхойлж, үйл ажиллагааныхаа дарааллыг хэлэлцэж тогтсон юм.Зөвлөгөөний завсарлагаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах асуултад хариулт авав.

-Монгол Улсын эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал хүндэрсээр байгаа үед эмнэлгүүдийг хувьчлах асуудал яригдаж байгаа нь аль хэр цагаа олсон хэрэг вэ?

Нийгмийн хувьчлал дотор Эрүүл мэндийн салбарт улсын томоохон эмнэлгүүдийг хувьчлах талд Эрүүл мэнд, спортын яам өөр байр суурьтай байгаа. Эрүүл мэндийн салбарын 70 орчим хувь нь төсвөөс санхүүжиж байгаа.

Ийм тохиолдолд үүнийг хувьчилж хувийн хэвшилд өгөх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Тиймээс хувьчлах гэдэг асуудлыг хойш нь тавьж засаглах тухай асуудлыг анхаарч үзье. Томоохон эмнэлгүүдийг хагас бие даасан засаглалын хэлбэрт шилжүүлж удирдах зөвлөл байгуулж өгье.

Удирдах зөвлөл нь эмнэлгийнхээ удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулж, эмнэлгийн үйлчилгээ, менежмент, санхүүжилт, хөрөнгө оруулалтын бодлогыг зөв зүйтэй явуулснаар эмнэлэг хагас бие даасан байдлаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Өмнө нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт эхний алхам хийж байсан.

Одоо улсын томоохон эмнэлгүүдэд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Өмч нь улсдаа хэвээрээ байна, менежментийг нь илүү сайжруулах чиглэл рүү цаашид явуулах ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Эрүүл мэндийн салбарт 2015 онд шинээр ашиглалтад оруулах, хуучин барьж байгаад орхисныг гүйцээх барилга хэд байна?

Эрүүл мэндийн тулгамдаж буй гол бол эмнэлгийн зориулалтаар барихаар төлөвлөж төсөвт суулгасан обьектууд гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Саяхан царцаагдсан барилгуудтай танилцсан. Төсөвт хуваарилагдсан санхүүжилтийн 90 гаруй хувийг авсан мөртлөө гүйцэтгэл нь 40 орчим хувьтай байдаг.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд шинэ эмнэлэг баригдаагүй. Үүнийг цаашид яаж шийдвэрлэх вэ гэхээр төсөв хүндрэлтэй байгаа үед төсвийн хөрөнгө оруулалтаар шууд шийдэх бололцоо бага байна. Тийм учраас хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих болон концессийн зарчмаар эмнэлгүүдийн царцаагдсан барилгуудын асуудлыг шийдэхээс өөр аргагүй.

Төрийн ордны хажуу талын Төрийн тусгай албан хаагчдын зориулалтаар барьсан барилгыг нэгдсэн эмнэлгийн зориулалттай концессийн гэрээгээр байгуулах, үйл ажиллагааг нь Нэгдүгээр эмнэлгийн хүний нөөцийн бааз сууринд тулгуурласан байдлаар шийдэх шийдвэрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын хувьд оруулж энэ асуудлыг хэлэлцүүлж   батлуулах зорилготой байна. Тэгэхээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

-Яармагийн дэнжид 300 хүүхдийн ортой эмнэлэг баригдаж эхлээд олон жил болсон ч үүдээ нээгээгүй. Энэ эмнэлгийг яах вэ?

Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлгийг 2015 онд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ойрын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болсон. Хуучин ССАЖЯ байрлаж байсан Төрийн өмчийн X байр удахгүй дуудлага худалдаанд орно. Үүнээс төвлөрсөн хөрөнгийг энэхүү эмнэлэгт оруулна.

Шинэ эмнэлэг барьснаас хөрөнгө мөнгө тусгаад, эхлэлийг нь тавиад, тодорхой хэмжээгээр гүйцэтгэл хийсэн барилгуудаа ашиглалтад оруулах нь илүү үр дүнтэй. Тийм учраас Яармагийн хүүхдийн эмнэлгийн асуудал үр дүнгүй болсон зүйл биш, харин илүү бодитой хэрэгжих нөхцөл байдал нь бүрдсэн. Мөн концессийн зарчмаар үлдсэн хөрөнгийг нь шийдвэрлэнэ.