300 ортой хүүхдийн эмнэлэг концессын гэрээгээр барина
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба
2015.05.27

300 ортой хүүхдийн эмнэлэг концессын гэрээгээр барина

Засгийн газрын хуралдаанаар 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл Мэнд, Спортын яамны харьяанд яаралтай байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан билээ. 

Шинэ эмнэлгийг Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд байгуулах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байсан боловч тус барилга хүүхдийн эмнэлэг барихад тохиромжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох албаныхан гаргасан юм. Тиймээс тус барилгыг худалдаж, орлогоор нь 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болсон юм. Тус эмнэлгийн асуудал одоо ямар шатандаа явж байгаа талаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

- Хуучин ССАЖЯ-ны барилгыг дуудлага худалдаагаар зарж, мөнгөөр нь хүүхдийн эмнэлэг барих асуудал ямар шатандаа явж байна вэ?

Төрийн өмчийн барилга байгууламжуудыг хүүхдийн эмнэлэг болгохоор судалж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ажлын хэсэг байгуулан ажилласан. Хуучнаар ССАЖЯ-ны барилга, ЗТБХБЯ-ны барилгуудыг хүүхдийн эмнэлгээр ашиглаж болох эсэх дээр ажлын хэсэг гарч ажиллаад, дээрх барилга байгууламж стандартын дагуу хүүхдийн эмнэлэг барих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Тиймээс ССАЖЯ-ны барилгыг дуудлага худалдаанд оруулж 6.7 тэрбум төгрөгөөр борлуулсан. Энэ орлогоос Баянгол дүүргийн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгад 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан

Яармагт 300 ортой эх хүүхдийн эмнэлгийг концессын гэрээгээр барих шийдвэрийг Засгийн газар гаргасан байгаа.

Царцсан буюу баригдаад 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалт оруулан эх хүүхдийн “Ачтан” эмнэлгийг байгуулах юм.

- Хүүхдийн эмнэлэг үнэгүй байх ёстой. Хувийн эмнэлэг авчихаар үнэтэй болчих юм биш үү?

Эмнэлгийн төлбөрийг улс хариуцна. Улсын эмнэлэг ч ялгаагүй бүх зардлыг төр даадаг шүү дээ. Бид хүүхдийн эмнэлэг гэхээр зөвхөн барилга байгууламжаар хязгаарлан ойлгож болохгүй. Хүүхдийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч улсын хэмжээнд дутагдалтай байгаа. Үүнийг ч бид давхар шийдэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиудад захиалгаа хоёрдугаар сараас өгсөн. Одоогоор сургалтууд явагдаж байгаа.

- Баянгол дүүргийн эмнэлгийн шинэ өргөтгөлийг санхүүжүүлнэ гэж байна. Энэ хүүхдийн эмнэлэг байх уу?

100 ортой хүүхдийн эмнэлэг. Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүй учраас ЭХЭМҮТ-ийн ачааллыг нэмэгдүүлдэг. Тус эмнэлэг ашиглалтад орсноор энэ ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед концессын гэрээгээр барилга байгууламж барих аж ахуйн нэгж хэр олон байна вэ?

Эрүүл мэндийн салбар ашгийн гэхээсээ илүү үйлчилгээний салбар. Энэ утгаараа энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь тийм тааламжтай биш. Тиймээс концессын гэрээгээр эмнэлэг барих байгууллага цөөн байна.

Энэ онд гурван эмнэлэг концессын гэрээгээр бариулах шийдвэр гарсан. Нэг нь төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийг нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл болгон барина. Мөн 300 ортой хүүхдийн эмнэлэг, түүний хажууд дутуу баригдсан барилгыг ахмадуудын эмнэлэг болгоно.