Азийн хурдны зам тавигдах уу
УИХ-ын чуулган
2015.06.06

Азийн хурдны зам тавигдах уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлд, Монгол Улсын эдийн засгийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа дэд бүтцийн хувьд манай орон дэлхийн жишигт нийцсэн байх шаардлагыг бий болгож, улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах, бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, суурьшлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 77,7 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.