С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын хуулиудад оруулах иргэдийн саналыг авна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн хамтаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулийг дэмжих зорилгоор байгуулагдсан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих УИХ дахь лообий бүлгээс санаачлан “Хүүхдийн төлөө ногоон карт” аяныг зохион орон даяар өрнүүлэхээр болсныг лообий бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллээ.
Зургадугаар сарын 11 буюу өнөөдрөөс эхлэн 25-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд явуулах аяныг НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтарч ажиллахаар болжээ. Аяны хүрээнд иргэдийн саналыг Улаанбаатарт бол оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, харин орон нутагт Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдээр дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авах юм байна.
УИХ дахь тус лообий бүлгийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж хамтран ажиллах бөгөөд хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа хуулийн төслүүдийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана. УИХ-аар хүүхэд хамгааллын хоёр чухал хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь чухал үйл явдал. Тэр дундаа олон нийтийн санаа бодлыг авах гэж байгаа нь хуулийг улам сайн болгоход хувь нэмэр оруулна хэмээн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.
Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрхзүйн орчныг сайжруулах нь манай нөхцөлд тулгамдсан асуудал болжээ. Судалгаагаар, хоёр жилийн дотор 5129 хүүхэд бусдад зодуулсны улмаас Гэмтлийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан байна. Мөн 2-14 насны нийт хүүхдийн 46 хувь нь өмнөх нэг сарын хугацаанд гэр бүлийн гишүүдийн зүгээс сэтгэл зүйн болоод бие махбодийн шийтгэл хүлээсэн гэжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 46.6 хувь нь үе тэнгийнхэндээ шоолуулж, дээрэлхүүлдэг гэсэн байна.