Үнэний өнгөн дээр худлын жижиг толбо үнэмшилтэй харагддаг
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.06.16

Үнэний өнгөн дээр худлын жижиг толбо үнэмшилтэй харагддаг

УИХ-ын гишүүн Л.Болдыг Малайзад болсон хуралд оролцох үедээ “Монгол Улс цаазаар авах ял оноохгүй байгаа”. Тиймээс Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийг өршөөнө үү” хэмээн Малайзын талаас хүссэн гэх мэдээлэл өчигдөр тарав. Үнэхээр ийм хүсэлт тавьсан эсэхийг өөрөөс нь тодрууллаа.

Асуулт: Та Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхийг Малайзын талаас хүссэн юм уу? 

Хариулт: Нэг бол дутуу дулимаг сонсоод шуугин тарих гэсэн оролдлого, эсвэл цаанаасаа захиалгатай л ажиллагаа шүү дээ.

Үнэний өнгөн дээр худлын жижиг толбо үнэмшилтэй харагддаг юм байна. Би хуралд оролцсон нь үнэн, илтгэл тавьсан нь үнэн, Монгол Улсад цаазаар авах ялыг халах тухай яригдаж байгааг тайлбарлсан нь үнэн, бас Ш.Алтантуяатай холбоотой хэргийг Малайзын талыг шударгаар шүүхийг шаардаж, олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын анхаарлын төвд тавьж, иргэнийхээ асуудлыг шударгаар шийдүүлэхийг оролдсон нь үнэн. Харин хэрэгт холбогдогч нарыг өршөөхийг гуйсан нь худал.

Л.Болд: Хэрэгт холбогдогч нарыг өршөөхийг гуйсан нь худал.
 

Би гадаад харилцааны сайд байхдаа “Иргэн төвтэй гадаад бодлого” явуулж, иргэнийхээ асуудлыг шийдүүлэхийг байнга оролдсоор ирсэн. Ш.Алтантуяатай холбоотой хэргийг манай хууль хяналт, дипломат байгууллага огт хөндөөгүй байх үед манай яамны баг анх босгож асуудлыг Малайзын талд тавьж, шахсны хүчинд Малайз асуудлыг шүүхээр шийдэж байсан түүхтэй.

Асуулт: Та яагаад хүний эрхийн тухай олон улсын хуралд оролцсон юм бэ? Таныг 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож, хүний эрхийн төлөө анхны байгууллагыг Монголд байгуулж, толгойлж явсан учраас уу?

Хариулт: Л.Болд: Би уулаасаа л хүний эрхийг хамгаалах ёстой гэсэн үзэл бодолтой хүн.Мэргэжлийн хувьд би үйлдвэрчний эвлэлийн сургууль төгссөн, социализмын үед хүний эрхийг хамгаалдаг гол байгууллага бол үйлдвэрчний эвлэл байсан.

Монголын оюутны холбоог анх байгуулж, оюутны эрхийн төлөө тэмцэж явснаас гадна Эмнести Интернэшнль гэж хүний эрхийн төлөө олон улсын хамгийн том байгууллагын салбарыг Монгол Улсад анх байгуулж, хөлөө олтол нь толгойлж явсан. Нөгөө талаас, Монгол Улс хүний эрхийг хамгаалах талаар бүс нутагтаа харьцангуй манлайлж яваа улс шүү дээ.

Асуулт: Малайзын тал Ш.Алтантуяагийн хэргийн талаар ямар хариу хэлэв? Гүйцэтгэгч нарыг нь цаазалчихаар ард нь захиалагч нар нь гэм зэмгүй үлдэх гээд байгаа хэрэг биш үү? Энэ хэрэгт парламентын гишүүн, бүр Ерөнхий сайд нь хүртэл оролцсон гэдэг яриа байдаг шүү дээ?

Хариулт: Тийм. Одоогийн байдлаар хоёр цагдааг золиосолж, цаазлуулаад ард нь байгаа улстөрчид, жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь шувтарч үлдчихээд байна. Тэднийг олж, цээрлүүлэх явдал бол өөрөө шударга ёс.

“Сумаа тавиад нумаа нуух” гэж үг байдаг, бид сумыг нь хугалчихаад, харвасан эзнийг нь хайхрахгүй орхих гээд байна. Зохион байгуулалттай, улстөрийн оролцоотой гэмт хэргийн хувьд дандаа доод тушаалын гүйцэтгэгч нарыг цаазын илд доор тавьж өгч, ард түмний өшөө хорслыг тайлаад жинхэнэ том гэмт хэрэгтнүүд нь ард үлддэг жишиг олон улсад тогтчих гээд байна.

Шударга ёс гэдэг бол хүний эрхийг дээдлэхийн хажуугаар бас хэрэг хийсэн хүнийг жинхэнээсээ олоод, ял завшуулахгүй байх тухай ойлголт шүү дээ. Энэ дэлхийн хаана ч би шударга ёсыг шаардана.Би Малайзаас асуудлыг шударгаар шүүхийг шаардсан, Малайзын тал өөрийнхөө тайлбарыг өгсөн, хурлын үеэр Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой олон асуултыг хүний эрхийг хамгаалдаг олон олон зүтгэлтэн Малайзын талд тавьсан.

Асуулт: Сошль медиагаар таны ярьсан зүйлийн талаар нэлээн сөрөг агуулгатай зүйл тарлаа. Энэ тухай тайлбар?

Хариулт: Яах вэ дээ. Энэ чинь улстөржилт шүү дээ. Хэн ч юуг ч гуйвуулж магадгүй. Малайзын талд ч, манай талд ч тийм гуйвуулга байж л байгаа шүү дээ.