Төрийн албан хаагч цалингаас өөр орлоготой байх ёсгүй
Герман
Германд төрийн албаны ажлын онцлогоос үл хамаарч төрийн албан хаагч нийгмийн сайн сайхны төлөө шударга ажиллах ёстой. Төрийн албан хаагч ажил үүргийн дагуу гаргасан үйлдэл болгондоо бүрэн хариуцлага хүлээнэ. Авлигатай тэмцэхэд гол нь албаны нууцыг хадгалах явдал. Германы төрийн албан хаагч албан үүргийн хугацаа дууссаны дараа ажиллах хугацаандаа олж мэдсэн албаны баримт, мэдээллийг чанд нууцлах ёстой. Тэр байтугай зөвшөөрөлгүйгээр албаны нууцыг шүүх хурал дээр ч дэлгэх эрхгүй.
Төрийн албаны хүн албан ажлын хажуугаар өөр ажил хийх хүсэлтэй бол дээд байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Харин сургалт, судалгаатай холбоотой ажилд зөвшөөрөл шаардлагагүй. Төрийн албан хаагч ямар нэгэн бизнесийн үйл ажиллагааг өөрийн биеэр эсвэл итгэмжилсэн хүнээр дамжуулан эрхлэх, бизнесийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Түүнчлэн бизнесийн байгууллагад ажиглагч, зөвлөхийн ажил эрхлэх ёсгүй.
Төрийн албан хаагч ямар ажил хавсран хийж болох талаар Засгийн газар тусгай тогтоол гаргадаг. Уг тогтоолд ямар ажлыг төрийн албаны ажилтай адилтгаж болох, төрийн албан хаагч ямар ажил хийснийхээ төлөө цалин, урамшуулал авч болох, ямар төрийн албан хаагч зөвшөөрөл авах ёстой зэргийг тодорхой заадаг. Мөн жилийн хугацаанд авч болох урамшууллын хэмжээ, хувиарыг тусгадаг.
Хэрвээ төрийн албан хаагч ажлаа өгч албан ажилтай нь холбоотой өөр ажил эрхлэх болвол энэ тухайгаа холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Хэрвээ шинэ ажил нь өмнөх төрийн албан ажилд хохиролтой гэж үзвэл хориглоно.
АНУ
АНУ-ын хуулинд төрийн албыг “албан ажилд саад болохуйц ямар ч хувийн болон санхүүгийн сонирхол байх ёсгүй үйл ажиллагааны хэлбэр” гэж заасан байдаг.
Төрийн албан хаагч Засгийн газрын ямар нэгэн мэдээллийг ашиглаж болохуйц санхүүгийн үйл ажиллагаанд оролцох эсвэл ийм мэдээллийг хувийн зорилгоор ашиглах эрхгүй. Мөн албан ажилтай нь холбоотой ямар нэгэн алхах хийлгэхэд нөлөөлөхүйц хөндлөнгийн хувь хүн, эсвэл бүлэг этгээдээс ямар нэгэн хандив, бэлэг авах ёсгүй. Төрийн албан хаагч авлигын шинжтэй ямар нэгэн үйлдэл ажигласан бол энэ тухай холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Үндсэн цалингаас илүү гарсан нэмэлт орлого олох хориотой. Ерөнхийлөгчийн томилсон албан тушаалтан ажилтай нь холбоогүй байдлаар ямар ч нэмэлт орлоготой байх ёсгүй.
АНУ-д 1977 онд баталсан Сенатын болон Конгрессын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталсан нь одоо хүртэл мөрдөгдөж байна. Тус дүрэм зөвхөн Конгрессы гишүүдэд биш тэнд ажилладаг бүх хүнд хамаатай. Сенаторууд болон Сенатад нэр дэвшигчид, түүнчлэн Сенатад ажилладаг төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлэг өгдөг.
Ингэхдээ бүтэн цалин, хувьцааны ашиг, хадгаламжийн хүү, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн орлого, урамшууллууд, ТББ-аас авсан орлого, тээврийн зардал , байгууллага, хувь хүнээс авсан бэлэг, түүний дотор тээврийн зардал, хоол унд, рестораны төлбөр, ресторанд хооллуулсан зардал, зугаа цэнгээний газарт үрсэн зардал байдлаар авсан бэлгийг заавал хөрөнгө орлогын мэдүүлэгт оруулах ёстой.
Цагаан Ордон болон бусад гүйцэтгэх үүргийн төрийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагчид дараах мэдээллийг байгууллагынхаа удирдлагад өгөх ёстой. Үүнд:
- Төрийн албан хаагч өөрөө эсвэл түүний эхнэр, хүүхэд болон бусад гэр бүлийн гишүүдийн холбоо, сүлбээтэй байдаг бүх компани, корпораци, фирм болон бусад бизнесийн байгууллага, ашгийн бус байгууллагууд, түүнчлэн боловсролын болон бусад байгууллагын жагсаалт.
- Өөрийн болон эхнэр, хүүхэд, бусад гэр бүлийн гишүүдийн мөнгө зээлсэн хувь хүн, байгууллагуудын жагсаалт.
- Дээрх зээлдэгчдийн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл.
Хятад
Авлигатай тэмцэх механизмын үндэс нь 1978 онд байгуулагдсан Хятадын Коммунист намын Сахилга батын Төв комисс болдог.
2007 онд Авлигаас урьдчилан сэргийлэх газар байгуулагджээ. Энэ газарт авлигын шалтгааныг судалж, түүнийг арилгах арга замыг боловсруулж, төрийн албан хаагчийн үйл хөдлөлийг хянаж, гэмт хэрэгтнүүдэд боломж олгож болохуйц хуулийн цоорхойнуудыг судалдаг аж.
Хятадын авлигачид хуулийн цоорхойг ашиглах тал дээр гаргууд учир туршлагатай судлаачдыг хүртэл гайхшруулдаг. Тиймээс Хятадын Төрийн зөвлөл төрийн албан хаагчдыг хөрөнгийн биржийн хувьцааг бэлэг маягаар авах, байшин, машиныг “гайхмаар хямд үнээр” худалдаж авах, “мөрийтэй тоглоомоор дамжуулж мөнгө угаах”, ажлаа өгсний дараа танилууддаа өндөр цалинтай ажилд оруулна гэж амлахыг хоригложээ. Хятадад төрийн албан хаагчдын ажлын байрыг үе үе сольдог болсон нь авлигаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүчээ авсан авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд мужийн намын болон төрийн аппаратын хяналтыг бэхжүүлж зарим тохиолдолд төвөөс зөвшөөрөл авалгүй шийдвэр гаргахыг хориглосон байна.
Хятадад өнгөрсөн оны 6 дугаар сард 162 000 хуурамч төрийн албан хаагчийг халжээ.