Гэр хорооллынхон газраа төлөвлөх эрхтэй болж, дарга нар улс төрийн томилгоо хийх эрхээ хасуулав
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
2015.01.30

Гэр хорооллынхон газраа төлөвлөх эрхтэй болж, дарга нар улс төрийн томилгоо хийх эрхээ хасуулав

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр болж Тэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам", “Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөр”-ийг батлав.

Гэр хорооллыг дахин төлөвлөх гэдэг нь компаниуд гэр хорооллын бүсэд төлөвлөлт хийж иргэдтэй зохицон газрыг байраар солилцох юм. Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ойлголт нь иргэд өмчилсөн газраараа нэгдэж өөрсдөө хаана юу барихаа шийдэх учиртай.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 30 шахам мянган өрх судалгаа, сургалтад хамрагдаад өөрсдөө хаана юу барих хүсэлтээ “Гэр хорооллыг барилгажуулах төсөл” орон нутгийн өмчит  улсын үйлдвэрт ирүүлжээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Арваас дээш өрх өмчилсөн газраа нэгтгэж төлөвлөлт хийсэн тохиолдолд банкны зээлд хамрагдах боломж олгоно. Дэд бүтэц иргэдийн санаа тавих асуудал биш. Би шийднэ” гэж мэдэгдсэн нь иргэдэд маш их итгэл өгсөн.

“Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам” батлагдсанаар гэр хорооллын иргэд газраа нэгтгэн өөрсдийн хүслээр зохион байгуулах эрхтэй болж байгаа юм. Энэ асуудал хэл ам багатайхан бараг өөрчлөлтгүй батлагдав.

Харин “Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөр” багагүй маргаан өрнүүлэв. Тус хөтөлбөрт нутгийн захиргааны улс төрийн томилгоог зогсооно. Улсын үйлдвэр ба'йгуулахгүй, авлигатай тэмцэх академи байгуулна гэсэн сонирхолтой саналууд хэлж байв. МАН-ынхан асуулт асуух нэрээр найруулга муу байна, үйлдвэр байгуулахгүй гэчихээд академи байгуулах гэж, улс төрийн томилгоо хийхгүй гэдэг их гоё үг байна хэмээн шүүмжилсэн.

МАН- ын төлөөлөгч Т.Гантөмөр, Д.Амарбаясгалан, МАХН-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр нар идэвхтэй шүүмжилнэ. Асуултын цаг дууссаны дараа үг хэлэх цаг эхэлж МАН-ын гурван төлөөлөгч нэрээ өгөв. Яг энэ үед Засаг дарга Э.Бат-Үүл бие засахаар гарна. Энэ нь бараг сүүлийн үеийн бүх хурлуудад давтагдаж байгаа юм. Засаг даргын энэ үйлдэл МАН- ынхны уурыг нэлээд хүргэдэг бололтой юм. Хөнгөрчихөөд, цай уучихаад хуралдаа эргэж ирэхэд үг хэлээд үндсэндээ дууссан байдаг. МАН, МАХН төлөөлөгчид хөтөлбөрийг хойшлуулах санал гаргасан.

Харин Засаг дарга Э.Бат- Үүл төлөөлөгчдийн асуултад хариулахдаа нэлээд ноцтой үг чулуудаж байв. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын томилдог дүүргийн Засаг дарга нарыг огцруулах тухай олон хүсэлт ирдэг. Яг л 1937 оны матаас шиг зүйлээр хэнийг ч огцруулахгүй. Үнэхээр хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол би өөрөө хариуцлага тооцно.

Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Бүр нам дамжсан асуудал болсон. Би намын зарим нөхдөөсөө ичиж байна. Төрийн албыг мэргэшсэн хүн олон жил хашиж болно. Харин улстөрчид залуучуудаар байнга сэлбэгдэж байх ёстой. Залуу хүний тархи үнэхээр өөр шүү. Би энэ байдлыг нийслэл дээр мэдрээд баярладаг.

Налайх дүүргийн Засаг даргын асуудал шалгагдаж байгаа буруутай нь тогтоогдсон цагт хариуцлага ярина. Хэн нэг нь шууд орж ирээд л гүтгээд байх тохиолдолд хариуцлага ярих боломжгүй. Би нийслэлийн байгууллагуудад, албан тушаалтнуудад байнга хэлсээр ирсэн. Хэл аманд орсон бол шалгуулаад цэвэр гэдгээ батлаад яв. Нэг асуудалтай холбоотой гээд зарлагдаад яваад байдаг тэр үнэн худлаа нь батлагдахгүй удааширдаг.

Тэгэхээр иргэд нөгөө гүтгэж байгаа нөхрийн үгэнд итгэж эхэлнэ. Ингээд “Бат-Үүл надаас мөнгө нэхсэн" гэж худлаа ярьсан хүний үгэнд иргэд итгэж эхэлнэ. Тиймээс албан тушаалтнууд асуудалд орсон бол өөрөө хурдан шалгуулаад цэвэр гэдгээ батлах байх ёстой гэв". Хурлын дараа МАН-ын нэг төлөөлөгч “Хүчиндүүлчих юм байна л даа гэсээр гарч одов. 2011 онд АН нэг төлөөлөгч бас ингэж хэлээд хурлыг орхиж байсан гэнэ.