Н.Алгаа: Төрийн албан тушаалтны оролцоо бага байх хэрэгтэй
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.12.04

Н.Алгаа: Төрийн албан тушаалтны оролцоо бага байх хэрэгтэй

АТГ-ынхан бизнесийнхэнтэй уулзах үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаагийн байр суурийг сонирхлоо

Өнөөдөр уулзаад маргааш ач холбогдлоо өгнө гэж харахгүй байгаа. Аливаа зүйлийн үр дүн урт хугацаандаа харагддаг. Авлигал нэлээд өртдөг салбарын нэг гэж манай салбарыг хэлэх юм. Гэхдээ би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь зөвшөөрөл өгдөг бүхий л салбар нэгжид хээл хахууль гардаг гэдэг шүү дээ. Хамгийн гол нь баримт нотолгоогүй зүйлийг бодит мэтээр ярих нь зохимжгүй. Магадгүй авч өгөлцөх зүйлийн хэмжээний хувьд манай салбар том байж болох юм. Гэвч үүнийг нотлох хэрэгтэй. Ер нь төрийн байгууллагын ажилтан түлхүү орсон зүйлд энэ төрлийн хэрэг хэл ам байнга гардаг.

Бизнесийнхний хувьд цаг хугацаа алдахгүйгээр шийдвэр гаргуулахын тулд мөнгө төгрөг өгч, авах тухай ярьдаг гэлцдэг боловч би үүнийг нотолж чадахгүй учраас хамаагүй яриад байх зүйл биш.

Тиймээс гарын үсэг цуглуулдаг төрийн албан тушаалтнаас бага хамааралтайгаар ажиллах тогтолцоо руу шилжих ёстой гэж үзэж байна.