Э.Бат-Үүл: Сонгуулийн явцад авлига байгаа тохиолдолд тэр нийгэм түүнээс салахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Хоёр өдөр үргэлжилсэн форумын үеэр олон чухал санал санаачилга гарсан байх. Та авлигатай тэмцэх ямар арга хэмжээг ойрын үед хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна вэ?
Хуралдааны үеэр иргэний нийгмийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй асуудлуудыг тавьж, заримдаа ичмээр байдалд орж байлаа. Бидний яриад байгаа ил тод байдал хүртээмж муутай, зарим нь үзүүлэн төдий байна гэх зүйлийг хэлж байхад нь би бодож суулаа. Засаг захиргаа бол өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг дөвийлгөж аль болох сайн талаас нь харуулахыг л боддог.
Үүндээ төөрөлддөг гэдэг нь иргэний нийгмийн шүүмжлэлээс харагдаж байна. Тэгэхээр юун түрүүнд иргэний нийгмийн зөвлөл байгуулна гэж бодож байна. Энэ чуулганаас гарсан олон төлөвлөгөөт ажлын хэрэгжилтэд хяналт тавьдаг, ил тод, нээлттэй, шударга байдлыг хангуулдаг иргэний нийгмийн хяналтын зөвлөл гэсэн үг. "Улаанбаатар тунхаг" дээр энэ санаа орсон байгаа.
Зөвхөн данс биш бусад мэдээллийг ч шилэн болгоно.
-Манай улс төрийн байгууллагуудын дансыг шилэн болгох гэж байна. Үүний өмнө зохион байгуулагдсанаараа чуулган бас их онцлог болох шиг боллоо. Энэ тухайд?
Тиймээ их чухал шинэчлэлийн өмнө боллоо. Төрийн байгууллагын бүх данс шилэн болно гэдэг нь ямар мөнгө хаанаас орж, хаашаа ямар зориулалтаар гарсан бэ гэхчлэн бүх зүйл шилэн доторх шиг ил болно. Тэр бүү хэл манайхаас худалдан авч зам барихаар болсон компани байлаа гэхэд түүний данс ч шилэн байна. Ноён Ларри Даймонд их онцгой илтгэл тавьсан.
Улс төрийн сонгууль авлигатай болох юм бол тэр нийгэм авлигаас салахгүй. Тиймээс авлигыг сонгуулийнх нь үед дарж авах хэрэгтэй гэж хэлсэн. Дараагийн сонгуулиас эхлэн намууд сонгуулийн мөнгөө СЕХ- ны шилэн дансанд байрлуулдаг системд шилжүүлэх хэрэгтэй гэхчлэн чухал санаанууд ч гарсан. Үнэхээр сонгууль авлигагүй болж байж нийгэм авлигагүй болно гэдгийг бид ойлгох цаг болсон.
-Эмч багш нарт чихэр шоколад бариад гүйдгийг авлига мөн эсвэл биш гээд байдаг. Олон улсын жишигт бол байдаггүй юм билээ. Нийслэл аль зүг рүү нь явах вэ?
Олон улсад хязгаартай байдаг юм байна. Ямар хэмжээний үнэ бүхий зүйл нь бэлэг байх юм бэ, ямар хэмжээнээс авлига гэж үзэх вэ гэсэн хязгаар тогтоосон байдаг. Тийм хязгаараа л тогтоох хэрэгтэй. Түүнээс баярлалаа гээд нэг чихэр өгөх эсуудал бол гарна л даа. Гэхдээ хэмжээтэй байх ёстой.
Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Ингэж журамлахаас өөр арга байхгүй. Бид ийм журам гаргана гэж бодож байгаа. Тэгэхгүй бол бэлэг нь ч мэдэгдэхгүй, авлига нь ч мэдэгдэхгүй, байх л ёстой зүйл болж хувирсан. Эмнэлэгт үзүүлэх гэхээр эсвэл цэцэрлэг сургуулийн багш нар гар хараад юм нэхээд байна гэдгийг нийтээрээ ярьж байна. Энэ бол аюултай үзэгдэл шүү дээ.
-Газрыг ил далд өгч авалцсанаас болж их хэмжээний хөрөнгө алдагдсан гэж та хэлсэн. Газрын асуудалтай холбоотой авлигыг тэглэх тал дээр нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
Зөвхөн данс биш бусад мэдээллийг ч шилэн болгоно. Жишээ нь, газрын үнийн өсөлт яаж явж байна, хэчнээн газрын хүсэлт ирсэн, хаана ямар шийдвэрээр хэнд хуваарилагдаад байна, цаашлаад барилгын зөвшөөрлүүд яаж гараад байна гэдгийг шилэн болгоно.
Уг нь энэ тухай мэдээлэл манай цахим хуудсанд байдаг л юм. Гэхдээ бид цахим хуудсаа сонирхол багатай ажиллуулаад байгаа юм уу даа гэж бодож байна. Одооноос сонирхолтойгоор бүхнийг ил тод хүргэнэ л гэсэн бодолтой байна.