Э.Бат-Үүл: Авлигын эсрэг олон улсын төв байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс цөөн асуултад хариу авлаа.
-Энэ форумоор "Улаанбаатар тунхаглалд" гарын үсэг зурж, алсын харааг баталгаажуулна гэсэн байна. Тунхаглалын гол агуулга нь юу вэ?
Форумын үеэр Монголд авлигагүй ухаалаг засаглалыг хэрэгжүүлэх ажиллагааны арга зүй стратегийн чиг хандлагыг тогтоох юм. Ялангуяа, олон улсын байгууллага экспертүүдийн тодорхой зөвлөмжүүдийг үндэслээд форумд оролцож байгаа төлөөлөгчдийн санал зөвлөмжид тулгуурлан тодорхой ажлын төлөвлөгөө гаргана гэсэн үг.
Мөн болж өгвөл Улаанбаатар хотод авлигатай тэмцэх үйл ажиллагааны олон улсын салбар юм уу, төв байгуулах санаатай байгаа. Учир нь, авлигатай тэмцэхэд зөвхөн Монгол Улсын бус олон улсын дэмжлэг шаардлагатай.
Зөвхөн нэг удаагийн чуулган зохион байгуулаад тунхаглал гаргалаа гэхэд эргээд ажил хэрэг болсон эсэх нь тодорхойгүй үлдэх магадлалтай.
-Авлигатай тэмцээд байгаа ч ахиц харагдахгүй юм. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?
Анзаараад байхад авлигатай тэмцэх хүсэл зорилго бидэнд бий. Авлига бол аюул юм гэдгийг ухаарч. Авлига нь улс орон цаашид бүрэн бүтэн байж чадах уу, тусгаар бүрэн эрхтэй улс байж чадах уу үгүй юу гэдэг сорилтын өмнө улс орныг авчраад байгаа учраас нийтээрээ санаа зовж эхэллээ.
Арга зүй туршлага их дутаж байна л даа. Олон улсын экспертүүд бидний анзаараагүй гоё гоё гаргалгааг гаргаж тавьж байна. Их чухал зүйлүүдийг хэллээ. Авлига бол манай улсад сүүлийн арав гаруй жилд л бий болсон. Түүнээс өмнө "арын хаалгадна" гэхчлэн бага түвшний авлига байсан л байх.
-Авлига бий болоод арав гаруй жил болсон гэлээ. Хор уршгийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?
Би ганцхан жишээ хэлмээр байна. Нийслэлд газрыг ил далд өгч авалцсанаас болж,өөрөөр хэлбэл авлигаас болж, Улаанбаатар хотын төсөвт орох ёстой их хэмжээний хөрөнгө алдагдсан. Олон улсын экспертүүдийн гаргасан судалгаагаар энэ асуудлаас болж 2012 оны төсвийг 35 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлого алдагдсан гэсэн тооцоо гарсан. 35 дахин шүү дээ. 2012 оны төсөв 390 тэрбум төгрөг байсан.
Хар л даа, Улаанбаатар хотын иргэдийн 80 хувь нь орон сууцгүй байна шүү дээ.
Үүнийг 35 дахин үржүүлэхээр аманд ч багтахгүй тоо байгаа биз. Хэрэв энэ орлого байсан бол иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдчих байлаа. Улаанбаатар хотод дэд бүтцийн шинэчлэлийг хийгээд бүх инженерийн үйлчилгээг хангачих байлаа. Ийм хэмжээний мөнгийг авлигад алдчихаад сууж байж.
Мөнгөн дүнгээр хэлж буй судалгааны ганц жишээ гэхэд нийгмийн эрүүл саруул утга учрыг бүрэн алдагдуулж буйг илтгэнэ. Хар л даа, Улаанбаатар хотын иргэдийн 80 хувь нь орон сууцгүй байна шүү дээ.
-Улаанбаатар хотын зүгээс авлигыг бууруулах чиглэлээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?
Бид өөрсдийнхөө хүрээнд хийх ёстой зүйлээ хийж байна. Иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг. Чадах ядахаараа л үзэж байна. Дахин дахин хэлэхэд туршлага үнэхээр дутдаг. Ил тод байна гээд хотын төсвийн зарлагыг цахим хуудсанд тавихаар иргэд сонирхохгүй байгаа нь их сонин юм шүү.
Засаг даргын захирамжууд гараад л байгаа. Гэтэл түүнийг сонирхохгүй байгаа учрыг би сайн олдоггүй юм Иргэд сонирхохгүй болохоор үр дүнгүй ажил болоод байх жишээтэй Гэхдээ иргэдийн оролцоог хангах чиглэлээр ажиллаж эхэлж л байна. Сургуулийн захирлыг гэхэд эцэг эх, сурагчдын оролцоотой томилдог болсон.
Эцэг эх, сурагчид эхэндээ их идэвхитэй оролцож байснаа сүүлдээ идэвхи нь буураад ирж байна. Наад зах нь иргэний нийгмийн байгууллагуудад эрх мэдлийг шилжүүлэх гэхээр үнэмлэхтэй л гишүүнчлэл байгаад байдаг. Түүнд эрх мэдэл шилжүүлэхээр хувь хүний эрх мэдэл болж хувирчих гээд байна.