Э.Бат-Үүл: Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж байна гэсэн үг
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.
Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцож байна.
Авлигын эсрэг олон улсын форумыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч авлигын эсрэг хамтдаа тэмцэхээр Улаанбаатар хотноо чуулж буй та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Авлига гэдэг зүйл манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байна.
Тиймээс авлигын эсрэг та бид нэг сэтгэлээр хамтран тэмцэж, энэ форумаар чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсч байна
Тиймээс авлигын эсрэг та бид нэг сэтгэлээр хамтран тэмцэж, энэ форумаар чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсч байна. Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүхнийг би эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байна гэж хэлмээр байна. Тиймээс ч би нийслэлийн нутгийн захиргааны ажилтнууддаа ажлынхаа ширээн дээр хүүхдийнхээ зургийг тавьж, хэний төлөө ажиллаж, хэнд ямар хот үлдээх гэж буйгаа үргэлж санаж бай гэж захидаг” хэмээн онцоллоо.
Мөн Дэлхийн банкны судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2012 оны хооронд олгосон газруудыг газрын дуудлага худалдаагаар худалдсан бол 2012 оны нийслэлийн төсвийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний орлогыг олох байсан нь авлига гэдэг зүйл эдийн засагт ч асар их сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна гэсэн юм.
“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум эхний өдрөө хөтөлбөрийн дагуу үндсэн илтгэлүүдээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд оролцож байгаа бөгөөд “Авлигад Хяналт тавих-Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатар тунхаглалыг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөж байна