О.Баасанхүү: АТГ хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой
УИX-ы н гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-АТГ-т ямар учраас шаардлага өгөх болсон юм бэ?
АТГ үйл ажиллагааныхаа тайланг Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Үүнтэй нь танилцаад УИХ-ын гишүүнийхээ зүгээс шаардлага хүргүүлсэн. Яагаад гэвэл АТГ-ыг би УИХ-ын дэргэдэх байгууллага гэж ойлгодог. Тийм учраас УИХ-ын гишүүд энэ байгууллагатай нягт хамтран ажиллах ёстой. Тэд муу ажиллабал буруу нь УИХ дээр тохогдоно. Сайн ажиллабал УИХ-ын нэр л гарна.
-Тэдэнд ямар шаардлага тавив?
Нэгдүгээрт, Амарбатаа, Энхтөрөө хэвлэл мэдээллийн ажилтан байхаа болио. Хоёрдугаарт, өмгөөлөгч нарыг битгий ад үзээд бай. Хууль зөрчсөн гэвэл өнөөдөр нэг л өмгөөлөгч хууль зөрчсөн байх. Нийтээрээ хууль зөрчсөн юм байхгүй. Тэгээд ч өнөөдөр нэг хүн мянган өмгөөлөгчтэй байсан ч болно. Энэ бол хүний эрхийн асуудал. Гуравдугаарт, бусдыг аль болох цагдан хорьдоггүй байгаач гэдэг гурван зүйлийг л шаардаж байна.
-Таны шаардлагууд нарийн үндэслэлүүдтэй байх...
Тэртэй тэргүй өнөөдөр олон нийт АТГ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ аль ч байгууллагад алдаа, оноо байдаг. Албан тушаалаа ашиглаж, хууль бусаар эд мөнгө олохын эсрэг тэмцэх нь зөв. Харамсалтай нь АТГ-ын өнөөдрийн нөхцөл байдал үнэхээр хачирхалтай байна.
Яагаад гэвэл АТГ-ыг хянах эрх хэнд ч алга. Хуучин прокурорын дэргэдэх мөрдөх албанд АТГ-ын мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч болон тодорхой албан тушаалтнуудыг шалгах эрх байлаа. Гэвч одоо алга болсон. Тиймээс АТГ өөрөө өөрийгөө шалгадаггүй л юм бол өөр хэн ч тэднийг шалгахаасаа өнгөрсөн. Та нар анзаарсан байх. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын өмнөх өдөр АТГ-ынхан прокурорын байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ бол маш ноцтой. Шууд улс төрийн зорилготой гэдэг нь илт байна. Өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар бол мөрдөн байцаагч тухайн этгээдийг яллах болон цагаатгах баримтыг цуглуулах ёстой. Гэтэл зөвхөн яллах талын баримт нотолгоог хөөцөлдөж, түүнийхээ талаарх мэдээллийг олон нийтэд цацаж байна.
Энэ нь хүмүүст айдас, түгшүүр төрүүлээд байна. Хамгийн гол нь чиглэл өгөх эрх бүхий албан тушаалтнууд нь прокурортойгоо нийлээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй хэргүүдийн тухай олон нийтэд мэдээлээд байгаа нь аюултай байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчихсан бол хамаа алга. Энэ хэргийг ийм зүйлүүдээр нотоллоо гээд эрх бүхий албан тушаалтнууд зарлаж болно.
Н.Энхбаяр даргыг ганбөмбөлөг, TV9-ийг завшсан гээд зарлаад байсан. Гэтэл шүүх дээр үгүйсгэгдсэн шүү дээ.
Н.Энхбаяр даргыг ганбөмбөлөг, TV9-ийг завшсан гээд зарлаад байсан. Гэтэл шүүх дээр үгүйсгэгдсэн шүү дээ. Ийм хариуцлагагүй, хүний нэр төрд халдаж болохгүй л дээ. АТГ ямар зорилгоор ийм балай юм хийгээд байдгийг ойлгохгүй байна. Өнөөдөр Тагнуул, Цагдаагийн байгууллага мэдээллээ зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтнаараа дамжуулж цацдаг.
АТГ-т ийм үүрэгтэй мэдээллийн ажилтан байдаг юм билээ. Харамсалтай нь тэр хүн хэвлэлийн бага хурал хийж байсныг хэн ч хараагүй. Харин чиглэл өгөх эрх бүхий албан тушаалтнууд нь сар бүр ажлынхаа үйл явцыг танилцуулах нэрээр дуулиан тарьсан хэргүүдийг зарлаж, тэр тэндээс тэдэн төгрөг идсэн, уусан гэх мэтээр яриад байгаа нь зохисгүй.
-Хоёр дахь үндэслэлийн тухайд?
АТГ өмгөөлөгч нартай хамтарч ажиллаж чадахгүй байна. Өмгөөлөгч бол өмөөрөгч биш хууль хэрэгжүүлэгч. Харамсалтай нь өнөөдөр өмгөөлөгчийг хамгаалахаас өөр гарцгүй болчихсон тогтолцоо руу шилжчихлээ. Өмгөөлөгчийг буруутгах, өмгөөлөгч рүү дайрах хандлага их байна. Үнэндээ өмгөөлөгч гэдэг бол хөндлөнгийн хүн. Тухайн этгээд хэрэг хийсэн үү, үгүй юу хамаагүй.
Хуулиа хэрэгжүүлж, хүний эрхийг л дээдлэх үүрэгтэй. Мөрдөн байцаагчид хуулиа мөрд гэдэг шаардлагыг тавих үүрэгтэй хүн. Ийм учраас дэлхийн жишгээр бол өмгөөлөгчид давуу эрх олгодог. Тийм учраас өмгөөлөгч авсан л бол хэн ч тайвширдаг. Гэтэл манайд тийм зүйл алга. Өмгөөлөгч нь өмгөөлөл хүсэхэд хүрчихээд байна. Намайг өмгөөлөгч хийж байхад ч тийм байсан. Одоо ч хэвээрээ.
Өмгөөлөгчийн холбоо гэдэг хиймэл бүтэц өмгөөлөгчөө өмөөрч чадахгүй байснаас болж аль ч үгүй боллоо. Хуульчдын холбоо нь яагаад үүнийг анхаарахгүй байна. Ийм учраас л АТГ-т шаардлага хүргүүлсэн юм.
-АТГ гэдэг бол хуучны НАХЯ болчихлоо гэдэг шүүмжлэл сүүлийн үед их гарч байна л даа?
Мөрдөн байцаагчид хуулиа мөрд гэдэг шаардлагыг тавих үүрэгтэй хүн.
Яахав АТГ-ыг бий болсноос хойш нэг үеэ бодвол эрээ цээргүй идэж уудаг байдал багасч, айхгүй гэсэн аягүй гэгч болсон байж магадгүй. Гэхдээ хэмжээгүй эрхтэй болчихоод байна АТГ-ын дээр хөх тэнгэр байдаг болчихсон юм уу гэмээр байна. АТГ-ынхан шүүгчийг, прокурорыг хянаж байна. Тиймээс ард түмэн шүүмжлээд байгаа байх г даа.
Миний хувьд нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байна Яагаад хүмүүсийг 461-т хориод байгааг нь ойлгохгүй юм. Хүн амины хэрэгтэй бол хорьж болно. Дээрэм. хүчин буюу бусдын амь нас бие эрхтэнд халдсан бол тухайн этгээдийг нийгмээс тусгаарлах ёстой. Харин тодорхой эрх бүхий албан тушаалтан хэрэг хийсэн бол ажлаас нь түдгэлзүүлж байж шалгах ёстой.
Хэрэв буруугүй нь тогтоогдвол ажилд нь буцаагаад тавьдаг. Буруутай бол шоронд хорьдог ийм л тогтолцоо үйлчлэх ёстой Гэтэл хэн нэгнийг шууд 461-т аваачаад бүтэн жил хорьсны дараа шүүхээр гурван жилийн ял өгч байгаа тохиолдол байна шүү дээ.
Юу гэсэн үг вэ. Бүтэн жил тэр хүнийг хорьж, залхаан цээрлүүлснийхээ дараа гэм буруутайг нь тогтоож байна Ийм аргаар хүнийг залхаан цээрлүүлээд зогсохгүй, хүний аминд хүрч байна. Амарсайхан гэдэг хүн нас барсан байх аа Эс үйлдлээрээ хүний аминд хүрч байна гэдгээ АТГ-ынхан ойлгох.ёстой.
АТГ-ынхан тайландаа нүүрс хөтөлбөрийн хэргээр шалгагдаад байгаа Тулга гэдэг хүний тухай дурдсан байна лээ. “20 гаруй хоног эм ууж, явах дасгал сайн хийгээд дахин ир гэдэг эмчийн шийдвэрийг үндэслэн цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүллээ” гэсэн байна Хаашаа юм дасгал сайн хийг гэсэн учраас 461 рүү явуулж байгаа юм уу. 461 гэдэг чинь фитнессийн газар юм уу Эсвэл эмнэлэг болчихсон юм уу. Ийм үндэслэлээр хүнийг шоронд хийж болохгүй биз дээ.
Өнөөдөр бид олон улсын авлигын эсрэг байгууллагуудтай холбогдчихлоо. Хүний эрхийг ДЭЭДЛЭХ уриан дор ардчиллыг хөгжүүлж байна. Энэ тохиолдолд ийм байж болохгүй. Чин үнэнийг хэлэхэд Монгол Улсын хүчний байгууллагууд дотроос хамгийн их хангамжтай, өндөр цалинтай хүмүүс бол АТГ- ынхан. Тиймээс тэд хайр даах ёстой.
Зөвхөн Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой, Монгол Улсын төлөө зүтгэх үүрэгтэй хүмүүс. Үүнийгээ ойлгохгүй тохиолдолд шүүмжлэл тасрахгүй ээ. Ер нь бол АТГ-ынхан УИХ-ын тогтоолоор томилогдсон. Шаардлагатай гэвэл тэднийг дахиад тогтоолоор өөрчилж болно.
-Ер нь АТГ-т шаардлага хүргүүлээд нэмэр байгаа юм уу. Тэгснээс УИХ- аар асуудлыг шийдүүлж болдоггүй юм уу?
АТГ-ынханд алдаагаа засах боломж олгож байна. Тэд хариу ирүүлэх ёстой. Таны шаардлагын дагуу бид ийм арга хэмжээ авлаа гэдгээ мэдэгдэх ёстой. Үнэнийг хэлэхэд Амарбат, Энхтөр нарыг хэвлэлийн курс төгсөөд хэвлэлийн ажилтан болчихсон юм болов уу гэсэн чинь үгүй юм билээ. Тийм учраас төсвөөс цалин аваад сууж байгаа хэвлэлийн ажилтнаараа ажлыг нь хийлгэх хэрэгтэй.
Зөвхөн Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой
-Хүнийг шууд хориод байгаа асуудал дээр хүний эрхийн байгууллагууд ярихаас цаашгүй юм шиг санагддаг?
Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд ярьж л байдаг юм. Гэхдээ өрөвдмөөр шүү дээ. Ямар ч эрх мэдэл байхгүй. Хуучин чинь хүний эрх зөрчвөл 200 мянган төгрөгөөр торгодог байсан. Тийм л маягтай явдаг шүү дээ. Ер нь бол хүний эрхийн байгууллага энэ албан тушаалтан хүний эрх зөрчсөн байна гээд баримт нотолгоотой гаргаж ирээд саналаа оруулж ирээд шийдүүлдэг болмоор байгаа юм. Тэгж байж төгс ардчиллын тухай ярина л даа. Гэтэл одоо эрх мэдэл нэг хүнд төвлөрөөд нэг эзэн дор захирагдах хандлага давамгайлчихлаа. Тийм учраас ний нуугүй хэлэхэд АТГ бол бэлтгэгдсэн албан тушаалтнуудыг төрүүлж байна.
-Үүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ. Улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд яах вэ?
Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Эрх зүйн шинэчлэл хийж, өмгөөллийн эрх зүйг сайжруулах шаардлагатай. Би өмгөөлөгч авчихсан юм чинь гүтгүүлнэ гэж байхгүй гэдэг сэтгэлгээг хүмүүсийн тархинд суутал өөрчлөлт хийх хэрэгтэй. Америк юм уу дэлхийн хөгжилтэй орнуудад тийм л байна. Мөрдөн байцаагч зөвхөн яллах нотолгоог цуглуулдаг. Цагаатгах нотолгоог өмгөөлөгч цуглуулаад шүүх дээр мэтгэлцдэг зарчим дэлхийн жишигт үйлчилж байна.
Энэ чиглэл рүү л орох ёстой. Харамсалтай нь манай хуульд тийм зүйл алга. Үүнийг 100 хувь өөрчилж байж, АТГ хэл аманд өртөхгүй. Шүүгч хардуулахгүй. Прокурор шүүмжлүүлэхгүй. Үгүй гэвэл Монгол Улс нэг ширхэг өмгөөлөгчгүй болох хэрэгтэй Өмгөөлөгч нь ямар ч эрхгүй байхад хэн амар тайван байх юм бэ.