Газар нутгаа тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгаалах сонгодог арга
БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар
2015.06.17

Газар нутгаа тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгаалах сонгодог арга

БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

1993 онд Монгол Улс Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцид нэгдэн орсноор өөрийн орны болон бүс нутгийн байгаль экологийн тэнцлийг хангахад онцгой үүрэгтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудалд өндөр ач холбогдол өгөх болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төр захиргааны тогтолцоо улам боловсронгуй болж 1992 онд Байгаль орчны сайдын тушаалаар яамны дэргэд дархан газрын хариуцсан алба анх байгуулагдсан бай- даг. Түүнээс хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг боловсруулан батлан мөрдөж, сүлжээг өргөтгөн, хэмжээг тэлж, материаллаг баазыг бэхжүүлэн ажиллаж байна.

Анх яамны бүтцэд дархан газар хариуцсан дөрвөн мэргэжилтэн, дөрвөн хамгаалалтын захиргаатай үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдөр удирдлагын бүтэц нь яамны газрын хэмжээнд очсон 33 хамгаалалтын захиргаатай, тэдгээрт 550 гаруй хүн ажиллаж байна. Монгол орны тусгай хамгаалалттай газар 27.2 сая га талбайг хамарч, энэ нь нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувийг эзэлж байна. Энэ бол сүүлийн жилүүдэд бидний байгаль хамгаалалд олсон хамгийн том ололт амжилт.

Монголчууд байгаль IX дэлхийгээ хамгаалах, уул овоогоо тахих, дархлах эртний уламжлалтай ард түмэн. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоо, хууль эрх зүйн хувьд Л шинэ болохоос тусгай хамгаалалттай газар нутгийн түүх бидэнд уламжлагдаж ирсэн. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу өнөөдрийн байдлаар нийтдээ 99 газрыг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, байгалийн дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллаар улсын тусгай хамгаалалтад аваад байна.

УИХ-аар 1998 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөрт заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 2015 онд улсын тусгай хамгаалалтад авахаар найман газрын үндэслэл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр бэлэн болоод байна. Эдгээрийг тусгай хамгаалалтад авчихвал нийт тусгай хамгаалалттай нутгийн хэмжээ 1.4 га-гаар нэмэгдэнэ. Нийтдээ төрийн бодлогын 10 гаруй томоохон баримт бичигт газар нутгийг тусгай хамгаалалтад авах, нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, газар нутгийн хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт хүргэх бодлогын зорилтуудыг тусган хэрэгжүүлж ирсэн.

-Тусгай хамгаалалттай газар нутагт тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зохицуулалт нэлээд чухал байх шүү?

Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгааллын шалгарсан арга учраас дэлхий нийтээрээ энэ асуудалд ихээхэн анхаарч, улс орнууд ч шинэ дэвшилтэт бодлогод татагдан орж байна. 1992 онд Рио Де Жанейрод болон дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан тунхаглалд дэлхийн улс орнууд зөвхөн байгаль орчиндоо зохицон тогтвортой хөгжих асуудлыг зарчмын хувьд дэвшүүлэн тавьсан. Өөрөөр хэлбэл, байгаль хамгааллын урьдын ойлголт өөрчлөгдөж, хүн байгалийн харилцан шүтэлцээнд олон талт хамтын ажиллагааны үр дүнд байгалийг жинхэнэ ёсоор хамгаалж чадна гэсэн утга санааг тунхагласан.

Хэдийгээр ингэж тунхагласнаас хоёр жилийн дараа манай улс Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиа батлан хэрэгжүүлж эхэлсэн ч дэлхий ний- тэд дэвшүүлэн тавьсан тэр агуулгыг сайн тусгаж чадаагүй юм байна. Нөгөө талаар олон улсын өмнө хүлээх үүрэг, хариуцлага зэрэг нь хуулийг өөрчлөх нэг шалтгаан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг ард иргэдээс тусгаарласан, төр дангаараа хамгаалах үүргийг хүлээсэн шинжтэй байгаа.

Гэвч тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг төр өөрөө хариуцаад, санхүүгийн асуудлыг дангаараа даагаад явах ямар ч боломжгүй нь ганц манайд ч бус дэлхий нийтэд батлагдсан. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх зорилтоо бид биелүүлнэ. Газар нутгийн хэмжээ тэлэх тусам төсөв зардал нэмэгдэх, төр хүрч хамгаалж чадахгүй байх зэрэг олон бэрхшээлтэй асуудлууд үүснэ.

-Тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг цаашид хэрхэн таслан зогсоох вэ?

Тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоохоор бид хууль, хүчний байгууллагатай хамтран ажиллаж байна. Одоо- гийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын хилийн бүсэд давхцалтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензтэй талбай байгаа нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт, хамгаалалттай газар нутгийн горим, дэглэмийг зөрчиж байна. Тухайлбал, Дундговь аймгийн нутагт байрлах Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хилийн бүсэд хайгуулын зургаа, ашиглалтын нэг лицензтэй таван аж ахуйн нэгж байх жишээтэй.

Мөн Хөвсгөл аймгийн нутагт байрлах Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хилийн бүс, Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн бүсийн зарим хэсэгтэй давхацсан байдлаар нэг нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. БОНХАЖЯ-ны зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Ашигт малтмалын газар, орон нутгийн ИТХ- уудад Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт явуулсан.

Цаашид тухайн газруудад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу нөхөн олговрыг тооцож олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг хэвийн түвшинд явуулах шаардлагатай байна. Шинээр батлагдан гарах хуульдаа ч үүнтэй холбоотой заалтуудыг чангатган оруулах шаардлагатай.

-Байгаль хамгаалагчийн эрх үүргийн асуудал байнга яригддаг сэдэв. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч бусдаас давуу эрхтэй байдаг уу?

Тусгай хамгаалалттай газар нутгуудад хууль бус ан агнуур.ашигт малтмал эрэх хайх, олборлох, гал түймэр гарах гээд төрөл бүрийн зөрчил дутагдал гардаг. Гэвч тэр бүхэнтэй нүүр тулдаг байгаль хамгаалагчид ердөө 20 мянган төгрөгөөр торгох эрхтэй л баих жишээний.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ховдын Цэцэг сум, Өмнөговийн Сэврэй, Баяндалай сумдын нутаг, Баянхонгорын Баянлиг, Дорноговийн Хатанбулаг, Говь- Алтайн нутаг дэвсгэр дэх зарим тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар вольфром, алт олборлох, хайх зэрэг зөрчлүүд гарч байгаа.

Хээрийн пост ажиллуулж, сум орон нутгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч зөрчил арилахгүй байна. Энэ нь нэг талаар тухайн орон газрыг өдөр шөнөгүй хамгаалж байгаа байгаль хамгаалагчийн эрх хэмжээ дутмаг байгаатай холбоотой нөгөө талаар нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах газар нутгийн хэмжээ маш том байдагтай ч холбоотой.

Үүнээс гадна орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд улсын тусгай хамгаалалттай давхацсан тохиолдол олон бий. Нийт газар нутгийн 23 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад, 17 хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Дээр нь нийт газар нутгийн найм орчим хувь болох ойн сан, 20 гаруй хувь нь усан сан бүхий газар гээд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь ямар нэг байдлаар хамгаалалтад байгаад байгаа юм.

Гэвч эдгээр нь хоорондоо давхцал ихтэй, замбараагүй байна. Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах шалгуур ч тийм тодорхой бус. Жишээ нь, орон нутгийн ИТХ хуралдаад л морь уралддаг газраа тусгай хамгаалалтад авчих жишээтэй. Энэ бол бидний анхаарал хандуулж байгаа дараагийн асуудал.

-Орон нутгийн иргэдийн хувьд газар нутгаа тусгай хамгаалалтад авах сонирхолтой байдаг байх. Харин тусгай хамгаалалтаас гаргах, хилийн цэсийг өөрчлөх асуудалд нэлээд эмзэг ханддаг. Энэ зохицуулалт өнөөдөр ямар байна вэ?

Тийм шүү. Таны энэ асуулт орон нутагт байнга яригддаг асуудал. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ гээд Дархадын хотгорын сумд модыг түлээндээ их хэмжээгээр хэрэглэдэг. Газар дээр нь очиход бараг байшингаасаа өндөр мод хагалаад хураачихсан дүр зураг угтдаг.

Гэтэл тэнд байгаа Мунгашийн нүүрсний орд нь тусгай хамгаалалттай газар нутагт орчихсон. Хэрвээ энэ ордыг тусгай хамгаалалтаас гаргачихвал дээрх сумдын бүх халаалтыг нүүрсээр шийдчих боломж байгаа. Иргэд ч энэ асуудлыг олон удаа тавьдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа ТХГМ-ын тухай хуульд газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас гаргах тухай зүйл заалт байхгүй нь маш сайн.

-Бурхан халдуныг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх асуудал юу болж байгаа вэ?

Тун удахгүй энэ зургадугаар сарын сүүлээр эхлэх ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хурлаар Бурхан Халдуныг соёлын биет бус өв, дэлхийн байгалийн өвөөр бүртгэх асуудлыг хэлэлцэх гэж байна.

Энэ талын холбогдох материалыг бүрдүүлж саналыг урьд онуудад тавьсны дагуу ХБНГУ-ын Бонн хотноо зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн өвийн 39 дүгээр чуулганаар хэлэлцэнэ.

Уг чуулганд холбогдох талуудыг оролцуулж, дэмжүүлэх талаар сурталчилгаа, лобби хийлгэх шаардлагатай. Бид оролцогчийн зардал хөрөнгийг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна.

-Дэлхийн шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн Богдхан уулыг тойрсон хэл амтай асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?

Үнэхээр Богд хан уулыг тойрсон асуудал бол тусгай хамгаалалттай газар нутагт амьдрал өрнөж буйн хамгийн тод жишээ. Цаашдаа энэ уулыг тойрсон том бүтээн байгуулалт хийгдэж, Майдар хот, Эко хот, Зуунмод, Улаанбаатар, Налайх гээд л том хотууд тойрч хөгжих нь. Богдхан уулын урдуур төмөр зам, хурдны зам тавихаар төлөвлөж байна. Гэтэл эдгээр бүтээн байгуулалт энэ бүс нутгийн хөхтөн, туурайтан амьтдын коридор нутгийг хаах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс бид барууны орнуудынх шиг амьтан гүйдэг, яг байгалийнх шиг том нүхэн гарцнууд хийх асуудлыг тавьдаг. Энэ бол нэг л жишээ.

Ер нь Богд уулын замбараагүй газар олголт, давхцал зэргийг шийдэх зайлшгүй шаардлагатай. Засгийн газраас шийдвэр гаргаж, БОНХАЖ-ын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг даалгавар өгсний дагуу нийслэл, манай яам хоёрын хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Богдхан ууланд 1995 оноос байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар Богд уулын нийт 1877.2 га талбайд 712 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар ашиглаж байна. Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас нийслэлийн хэмжээнд Яармаг тойрсон газрын асуудлыг шийдвэрлэх шийдэл хайж ярилцсан. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар Яармаг орчинд газар хуваарилаад дууссан, нэмж олгох боломжгүй гэдэг ч тэнд бүтээн байгуулалт хийгдэхгүй, газар эргэлтэнд ордоггүй.

Тийм учраас энэ газрын асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, газрын гэрчилгээгүй, салбарын сайдын шийдвэр гараагүй байхад их хэмжээний газрыг тойруулан төмөр хашаа татсан олон зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, цэгцлэх нь зөв гэж үзсэн. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус яамны мэргэжилтнүүд Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд 130 гаруй аж ахуйн нэгж ямар нэг зөрчилтэй байна.

-Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээ олгохоор болсон. Ямар хуулийн дагуу асуудлыг шийдэж байна вэ?

Олон жил яригдаж, шийдэгдэлгүй өдийг хүрсэн уг асуудлыг түүхэндээ анх удаа шийдэж, ямар ч байсан Зайсангийн уугуул 600 орчим иргэнд газар ашиглах гэрчилгээ олгох шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд тэдгээр иргэд үе үеийн Байгаль орчны сайдууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, бүр Засгийн газарт хүртэл асуудлаа тавьж ирсэн ч шийдэгдэлгүй өдийг хүрсэн.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар нийслэл, дүүрэг, иргэдийн төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд ямар ч байсан асуудлыг шийдэх шатандаа ирсэн. Тусгай хамгаалалттай газар.нутгийн тухай хуулиар хязгаарлалтын бүст зөвхөн аялал жуулчлал эрхлэх зориулалтаар таван жилийн хугацаатай газар ашиглуулах заалттай.

Энэ заалтыг л үндэслэж асуудлыг шийдэж байгаа. Газар ашиглаж байгаа тухайн иргэн, аж ахуйн нэгж таван жилд гэрчилгээгээ сунгах боломжтой. Мөн заасан хугацаанд одоо мөрдөгдөж байгаа газрын төлбөрийг гурав дахин нэмж төлөх ёстой. Иргэд үүнийг ойлгох ёстой. Мөн судалгааны дүнгээр батлагдсан уугуул иргэний нэр дээр газар ашиглах эрхийн гэрчилгээг гаргаж өгнө. Түүнээс биш хүн бүр дээр гэрчилгээ гаргаж өгнө гэсэн асуудал байхгүй.

-Хууль эрх зүйн орчноос гадна яг тусгай хамгаалалттай газар нутаг дээр хэрэгжүүлэх шаардлагатай бодит ажил юу байна вэ?

Хууль бус ашигт малтмалын олборлолт, хулгайн ан, гал түймэр зэрэг зөрчил дутагдлыг бууруулах, арилгахын тулд бид цахим оффисын программыг туршаад явж байна. Бичиг цаас хэмнэх, мэдээллийг шуурхай болгох уг программыг нэвтрүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт хүрэх нэг алхам гэж ойлгож болно.

Түүнчлэн кадастрын зураг зүйн системийг нэг болгож, бүртгэлжүүлж, тусгай хамгаалалттай газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудын хувийн хэргийг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Ер нь байгаль хамгаалдаг ард иргэд, төр, төрийн бус байгууллагууд маань тусгай хамгаалалттай газар нутгаа аль болох тэлэх, байгалийн унаган төрхөөр нь хадгалж хамгаалахад онцгой санаа тавьж ажилладаг. Байгаль орчны салбарт болон тусгай хамгаалалттай газар нутагт ажилладаг нийт ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчдадаа ажлын амжилт хүсье.