Завсарлага авсан гишүүдийн хүүхдүүд үнэтэй хувийн цэцэрлэгт явдаг байх л даа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.06.18

Завсарлага авсан гишүүдийн хүүхдүүд үнэтэй хувийн цэцэрлэгт явдаг байх л даа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм. Үүнийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, "Ард түмний захиалгаар орж ирж байгаа хуулийг хэлэлцсэнгүй, асуудлыг албаар гацаалаа" хэмээн хуралдааны танхимыг орхин гарсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчихлаа. Энэ хаврын чуулганаар амжиж батлагдах уу? 

УИХ-д Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль олон жил яригдаж байгаа. Нийт саналуудыг нэгтгээд Ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ хуулийн төсөл дээр гишүүд ажиллаад анхны хэлэлцүүлэг бэлэн болоод өнөөдөр /өчигдөр/ байнгын хороогоор орох байсан. Гэтэл МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна. Энэ тав хоногийн завсарлага гэдэг бол хаврын чуулганаар энэ хууль батлагдахгүй гэсэн үг. Батлагдахгүй гэдэг чинь намар 9 дүгээр сард дахиад эцэг эхийн дунд сургууль, цэцэрлэгийн асуудлууд үүснэ. 

-МАН-ын бүлэг завсарлага авсан үндэслэлээ хэрхэн тайлбарласан бэ?

Завсарлага авсан үндэслэлээ стандарт нь тодорхойгүй байна гэсэн юм ярьж байгаа юм. Стандартыг бид хуулиндаа оруулчихсан байгаа. Стандарт байна, Засгийн газраас тусгай журам гаргана, бүх хяналтаа тавина, хүнээ сургана гээд журам нэлээн нарийн гарна. Нөгөөтэйгүүр өнөөдөр монгол хүмүүс стандарттай, стандартгүй хүүхдээ өөрсдөө гэртээ хараад өсгөж хүмүүжүүлээд л ирсэн. Сүүлийн хугацаанд 10 гаруй хүүхэд гэртээ цоожтой байж байгаад түлэгдээд, аваар осолд ороод нас барчихлаа. Энэ бүх зүйлд огт сэтгэл нь зовохгүй байна эрчүүд.

Тоглоом тохуу болгоод байгаа учраас бид хурлыг хаяад гарсан. Ер нь хүүхэд харах үйлчилгээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дунд хэрэглээд ирсэн ийм хууль эрх зүйн орчин. Бид үүнийг Монгол Улсад нэвтрүүлье гэсэн зорилготой ажиллаж байна. Эрчүүд бол “хүмүүсээ хүүхэд гаргаад бай, гаргаад бай, олуулаа больё” гэдэг хэрнээ хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал чинь хангагдахгүй байна. Эрүүл төрж чадахгүй байна. Эрүүл хүүхдээ өсгөж чадахгүй байна. Цэцэрлэг, сургууль олдохгүй байна. Тийм учраас энэ зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш нийгмийн асуудал. 

-Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр ер нь эхний ээлжинд хичнээн төгрөг шаардлагатай болж байгаа вэ? 

“Та нар 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэрийг чинь өгөх мөнгө байхгүй” гэж байгаа юм. Бид бол 50 тэрбумыг нэхээгүй. Таван тэрбум байхад эхний жилдээ явуулья гэж байгаа юм. Яагаад гэхлээр хууль батлагдана, сурталчилна, хүмүүсээ сургалтад хамруулна, стандартаа батлана, дүүрэг өөрөө хүмүүсээ сонгон шалгаруулна. Бүх хүнд хавтгайруулаад өгчихгүй шүү дээ. Тэгээд энэ чинь өөрөө хөрсөн дээрээ буугаад хэрэгжээд эхлэх хүртэл ядаж таван тэрбумаар эхэлж байя гэсэн санал тавьж байгаа.

Өнөөдөр таван тэрбум төгрөг гэдэг бол таван км замын мөнгө. Гурван мянга, дөрвөн мянган хүнтэй суманд эд нар чинь сонгуулиа дөхөхөөр найман тэрбумаар Соёлын төв барьдаг. Тэгсэн хэрнээ Монголын нийт хүүхдэд тавхан тэрбум төгрөг өгчихөөч гэхээр мөнгө байхгүй гэсэн зүйл ярьж байна. Тийм учраас өнөөдөр эмэгтэй гишүүд хурлыг орхиж гарсан. 

-Та хүүхэд, гэр бүлийг дэмжих лобби бүлэг байгуулсан байх аа? 

Хүүхэд, гэр бүлийн асуудал Их хурал дээр дандаа хойш хаягддаг. Тэгээд нөгөө нүүрс, мөнгөө ярьдаг. Тийм учраас бид хүүхэд, гэр бүлийг дэмжих лобби бүлэг гэж байгууллаа. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар бас хамтарч ажиллъя, хууль эрх зүйн орчин дээр анхаарал тавья, хурдлуулья гэсэн зүйлүүдийг ярьж байгаа л даа. 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар хичнээн мянган ажлын байр бия болох, давуу талууд юу байгаа вэ? 

Судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэж үзсэн. Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр 30 мянган хүн ажлын байртай болно. Энд ахмадууд, 40-өөс дээш насны эмэгтэйчүүд ажил олоход хэцүү байдаг. Эдгээр хүмүүс ажлын байртай болно. Хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүд болох 60 мянган хүн ажлын байртай болно гэсэн судалгаа гарсан.

Энэ хүмүүс ажил хийнэ, тэндээсээ татвар төлнө, хүн амын орлогын татвар гэдэг нь бараг сардаа авч байгаа хувьсах зардлаа давчихаж байгаа байхгүй юу. Бид сард зуун хэдэн мянган төгрөгийн хувьсах зардал авах гээд байгаа шүү дээ. 

-Сургууль, цэцэрлэгээ барих ёстой гэсэн шүүмжлэлүүд бас гарч байна? 

Зарим хүмүүс цэцэрлэгээ л барихгүй юу гэдэг юм. Өнгөрсөн гурван жилд төсвөөр зөвхөн цэцэрлэг барилаа. Тэгсэн хэрнээ хүрэхгүй байгаа. Дахиад нэг судалгаа хийлгэсэн. 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны 1750 обьект хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр бид тавхан жилийн дотор үүнийг барьж чадахгүй. Энэ хүмүүсийг барьж чадахгүй ээ гээд хүүхдийг гэрт нь орхиод явах биш гурваар нь таваар нь хардаг энэ нөхцлийг бий болгох ёстой.

Зарим гишүүд шүүмжлэхийн дон тусчихсан. “Наадах чинь хүний хүүхдийг аваад яах ч юм билээ” гэдэг. Эцэг эх өөрөө шууд тэр хүнээ сонгоно. Тэр хүнтэйгээ гэрээгээ байгуулна. Гэрээний загвар стандартыг бид батлаад өгнө. Ингээд өөрийнхөө ээж, найз, хамаатан саднаар харуулах боломжтой. Ялангуяа хөдөө орон нутагт бас л хэцүү байдаг. Малаа дагаад явах болдог. Хүүхдүүд нь гэртээ эзэнгүй үлддэг.

Асуудал их байна. Бодвол завсарлага авсан гишүүдийн хүүхдүүд нь өөрсдөө асуудалгүй юм байлгүй. Үнэтэй хувийн цэцэрлэгт явдаг л байх л даа. Ер нь манай эмэгтэй гишүүд УИХ дээр хамгийн идэвхитэй ажилдаг. Бүх л ажлын хэсгүүдэд орж өгдөг. Саналыг нь боловсруулна, ирц бүрдүүлэх бүх зүйл дээр л эмэгтэй гишүүд явдаг. Өөрсдийн ганц хууль дээр завсарлага авчихаар цаг тулгамдсан үед аюултай байна л даа. 

-МАН сүүлийн үед хаврын чуулганаар батлагдах ёстой чухал хуулийн төслүүд дээр завсарлага авч байна. Засгийн ажлыг гацаалаа гэх мэдээлэл ч гарч байна. Та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ? 

Ер нь бид яагаад хамтарсан юм бэ гэхээр эдийн засгийн хүндрэлээс парламентад байгаа бүх намууд хамтарч шаардлагатай эрхзүйн орчноо хурдан бүрдүүлж аль болохоор асуудлыг гацаахгүй үндэсний эв нэгдлийг эрхэмлээд улс орноо хөгжүүлье гэсэн санаа байсан. Тэгээд үүнийг МАН-ын бүлэг зөвхөн хэдэн хүнээ ажилтай болгох ч юм уу энэ зүйлээр өрөөсгөл ойлгож байгаа бол үнэхээр харамсалтай. Яахав УИХ дээр намууд зөвшилцөж хамтарсны хүчинд хурдан батлагдаж байгаа хуулиуд байна.

Нөгөө тал дээр олон зүйл дээр гацаад, танхимд орж нэг юм ярьчихаад нийтэд гараад зөвхөн АН-ын бүлэг ингээд байгаа юм шиг ийм зүйлүүд ярьж байна гэдгийг өчигдөр манай бүлгийн хурал дээр шүүмжлэлтэй хандсан. Тийм учраас хэвлэлийн хурал дээр хамтарвал хамтарсан шиг хамтар, хамтрахгүй бол аливаа зүйлүүдийг гацаагаад байхаа болих хэрэгтэй гэдэг ийм байр суурь илэрхийлсэн.