Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргал нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.
Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, энэ бодлогын хүрээнд нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх үүднээс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарласан.
Өнөөгийн гадаад нөхцөл байдалд зохицуулан Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг улам бататгах, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчилгаа, мэдээллийг сайжруулах үүднээс Р.Амаржаргал нарын гишүүд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ. Тогтоолын төсөлд Засгийн газар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын талаар хийж буй ажлаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд жил бүр мэдээлж байхаар тусгасан байна.
Мөн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс урьдчилан чиглэл авч байхаар тусгажээ. Тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан байна. Уг саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буву 80.4 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг батлав.