Анхааралд өртсөн үйлдвэрлэгчид төрийн бодлоготой боллоо
2015.06.22

Анхааралд өртсөн үйлдвэрлэгчид төрийн бодлоготой боллоо

УИХ-ын дарга З.Энхболд долоо хоногийн бямба гараг бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж үйл ажиллагаатай нь танилцан, санал бодлыг нь сонсч буй.

Хууль тогтоох байгууллагын зүгээс хэрхэн дэмжих боломжтойг үйлдвэрүүдэд биечлэн очиж үзэн судпахаас гадна гишүүд ч үйлдвэрлэгчдэд нэн шаардлагатай хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахад анхаарч байгаа. Иймээс ч өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар үйлдвэрлэгчдийг дэмжсэн хоёр асуудалд гишүүд нааштай шийдвэр гаргав. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдаж, үүнтэй холбогдох хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт шилжлээ.

2030 он хүртэл Монгол Улс аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд баримтлах бодлого тодорхой болж байгаа юм. Гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр үйлдвэржилтийн бодлогод тусгасан. Импортыг орлох, экспортыг дэмжиж, татварын болоод бусад төрлийн дэмжлэг үзүүлэх асуудпыг тодорхой болгож өглөө. Эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, салбарынхныхаа саналыг авахаар хэд хэдэн удаан хэлэлцүүлэг зохиож байж боловсруулсан нэлээд чамбай төсөл төдийгүй дөрвөн чиглэл баримтлан тусгаснаа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлж байсан юм.

Эхлээд хууль эрхзүйн орчныг сайжруулж байж аливаа салбар хөгжих учиртай тул Аж үйлдвэрийн бодлоготой уялдах хуулиудыг өөрчлөх болон шинээр боловсруулан өргөн барихаар болсон. Эхнийх нь болох Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Салбарын инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх талаар бодлогод чухалчлан тусгажээ.

Үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, түүгээрээ дамжуулан санхүүжилтийг нь шийдэх бодлого баримталсан. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ буюу тоног төхөөрөмжийн лизингээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх аж. Нэмэлт барьцаа шаардахгүйгээр тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах боломжийг үйлдвэрлэл эрхлэгчдэдээ олгоно. Түүнээс гадна Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамрагдаж, барьцаа хөрөнгө шаардлагатай үйлдвэрлэгчдэд төрөөс 60 хувь хүртэл нь батлан даалт гаргаж өгөхөөр болж байгаа юм. Аж үйлдвэрийн бодлогод технологийн асуудлыг багтааж түүнийгээ Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиин төсөлд илүү нарийвчлан тусгасан.

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой уялдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг мөн өдрийн чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдэв. Дэлхийн зах зээлд өрсөлдөх хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр тусгасан. Төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах төдийгүй эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалд тулгуурлан хуулийн төсөл боловсруулжээ.

Эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэх уг хуулийн гол зорилго. УИХ-ын гишүүд үйлдвэрлэлийг төр бодлогоор дэмжих ёстойг хэлж байснаас гадна арилжааны банкуудыг ч гэсэн санаа зорилгоо нэг байх  учиртайг хөндсөн. Учир нь, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл өгөхөөр Засгийн газар, УИХ- аас шийдвэр гарсан байхад олгох тал дээр ажиллаж буй арилжааны банкууд өндөр хүү, элдэв шалтагаар тээг саад болдог.

Ингээд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг чуулганд оролцсон гишүүдийн 77.5 хувиар дэмжив.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл зохицуулалт муутай явсныг ч жишээгээр хөндсөн. Дэмжих асуудал ярихаас хэтрэхгүй болсныг гишүүд хөндсөнийг салбарын яамныхан ч хүлээн зөвшөөрч, энэ удаад орхигдож үлддэг зохицуулалтуудыг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгаснаа тайлбарлав. Хуулийн төспийг УИХ- ын гишүүн Ц.Баярсайхан "40 гаруй барилгын материалыг гадаадаас авах шаардлагагүй болсон.

Стандартын хувьд ч евро стандартад нийцдэг. 196 үйлдвэр сүүлийн хоёр жилийн хугацаанд шинээр байгуулагдсан. Цемент, арматурыг импортоор авах биш экспортлох боломжтой болсон учир цаашид үүнийг судлах хэрэгтэй. Хөгжлийн банкийг ашиглаж, экспортыг дэмжих, импортыг орлох томоохон үйлдвэрүүдийг дэмжих юм бол тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх хэрэгтэй. Татвар төлөх хугацааг сунгадаг байх.

Түрүүчийн Засгийн газарт энэ шийдвэр гарч байсан. Мөн импортлохоор бол баталгаа гаргадаг байх ёстой. Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа, Монголоос хөрөнгө оруулалт авч байгаа л бол баталгаа гаргаж өгөх хэрэгтэй юм. Тоног төхөөрөмжийн линзингийн компаниудыг ч мөн дэмжих нь чухал. Байгаа механизмуудаа төрийн бодлоготойгоо уялдуулан, Хөгжлийн банкаар дамжуулан үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Экспортыг дэмжинэ гэж хорин жил ярьсан ч бүтэлтэй зүйлгүй байгаа. Тайваньд чацаргана экспортод гаргахыг бодитой гэж үзэж байна. 3000 тонныг авна гэсэн. Бид өнөөдөр таван тонныг ч нийлүүлж чадахгүй байгаа шүү дээ. Бид боломжтой зүйлүүдээ бодож бодлого гаргаж хэрэгтэй. Мал аж ахуй дээр мөн бололцоо маш их бий" гэв.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг дагаж гарч байгаа хууль гэдгийг тайлбарласан. Мөн "Олон жил экспортыг дэмжинэ, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжинэ гэж ярьсан ч бодит ажил болгоход тодорхой шалгуур хэрэгтэй болдог.

Энэ шалгууруудыг хуулийн төсөлд тусгасан .Нөгөө талаасаа жижиг, дунд болон бусад үйлдвэрүүдийн экспортыг дэмжинэ гэж ярьдаг ч түлхэц үзүүлж чадахгүй байгаа. Бид саяхан ноолуурын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийг нь дэмжиж маш том хэмжээний зээл өгсөн. Тэгэхдээ экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг хэр зэрэг нэмж чадах, экспортын үйлдвэрлэл явуулж чадах үзүүлэлтийг харгалзан зээл олгож байна. Энэ нь үр дүнд хүрч жил болгон ахиц гарч байгаа. Одоо зөвхөн нэг талаасаа тулгалт өгөх бус нөгөө талаасаа урамшууллыг нь тавьж өгөх хэрэгтэй" гэсэн юм.

Ингээд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг чуулганд оролцсон гишүүдийн 77.5 хувиар дэмжив.